Д.Сарангэрэл: 38 сурагч, нэг багш сүрьеэгийн халдвартай гэж оношлогдсон

Нийтэлсэн: Админ 2019-05-14 15:48:11
 

 

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэ өвчний халдвар авсан гэсэн мэдээлэл бий. Тэгвэл энэ талаар салбарын сайдуудаас тодрууллаа.


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “ХСҮТ-д ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна. Манай яамны холбогдох мэргэжилтнүүд тус сургуульд нь ажиллаж байна. Ямар нөхцөл байдалтай, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх талаараа эрүүл мэндийн байгууллагаас мэдээллийг нарийвчилж оруулж ирэх байх. Үүний дараа мэдээллийг нарийвчилж харж байгаад мэдээллэл өгнө. Надад өгсөн мэдээллээр 2015 онд тухайн сүрьеэгээр өвчилсөн багшийг ажлаас нь чөлөөлж, эмчилгээ хийлгүүлсэн. Өвчин нь бүрэн эдгэсэн гэж мэдээлсэн юм билээ. Гэхдээ эдгээр мэдээллийг хариуцсан, мэргэжлийн байгууллагаас нь авч мэдээлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дутуу мэдээллийг нягтлалгүй олон нийтэд зөрүү, буруу мэдээллийг өгөх боломжгүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэж, сургуулийн үйл ажиллагааг түр зогсоох эсэх асуудлыг шийдвэрлэнэ. ХӨСҮТ-ийн даргатай өчигдөр уулзаж мэдээлэл авсан. Тус төвөөс баг гарч бүх хүүхдүүдийг шинжилгээнд хамруулж байгаа юм билээ. Одоогоор шинжилгээний дүгнэлт гараагүй байна. Эрүүл мэндийн яамнаас холбогдох мэдээллийг гаргасан байна лээ” гэлээ.

Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ нь нэлээн хүнд явцтай байна. Сүрьеэгийн эм хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй бий. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдэг асуудлыг ХӨСҮТ-д тавьсан.

Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвартай гэх онош тавьсан.

Одоо эмчилгээний асуудал яригдаж байна. Эмчилгээний талаар эцэг, эхчүүдтэй нь уулзаж, мэдээлэл өгч, ойлголцох зорилгоор 15 дугаар сургууль дээр ХӨСҮТ-ийн эмч нар болон Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнууд ажиллаж байна" гэв.

-->