Ц.Нямдорж: Монголд шүүх байхгүй болсон

Нийтэлсэн: Админ 2019-05-08 13:22:16

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдрийн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-ийг сонслоо.


 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Ц.Нямдорж сайд аа, танай яаманд Хүний эрхийн комисстой холбоотой хууль боловсруулагдаж байгаа бол ил болго, олон нийтээр хэлэлцүүл.

УИХ-ын гишүүн Л.Болд: ХЭҮК-ын эрх, үүргийг нэмэх шаардлагатай. Хорих ангийн ганц жигүүрт Б.Булганыг олон сар хорьсон. Харин яг доод давхарт нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорьж байсан юм билээ. Эдгээр хүмүүсийг нэн даруй суллах хэрэгтэй” хэмээн тэднийг суллах санал гаргалаа.

Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг бол 2-3 хүнийг биш нийгмийг бүхэлд нь айдаст автуулсан хэрэг. Асуудал нь илэрхий байхад хэн ч дуугардаггүй байсан. Энэ хэргийг шалгахдаа бүх хуулийг зөрчсөн. Эрүүдэн шүүх ажиллагаа 2013 оны наймдугаар сард эхэлсэн. Би 2017 онд сайд болоход энэ асуудал давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэгдэж дууссан байсан. Намайг юугаа хийж байсан юм гэж асуусан. Би энэ асуудлаар ярьж эхэлснээс хойш 2.4 жилийн хугацаа өнгөрч байна. Асар их бэрхшээлтэй тулгарсан ч би өөрт учирсан бэрхшээлээ биш өрөөлд тулгарсан бэрхшээлийг ярьж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Байнгын хорооноос хэн нэгнийг шууд сулла гэдэг чиглэл өгч болохгүй.

Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Намайг олон жил сайд хийсэн, шорон их бариулдаг гэж надад дургүй хүмүүс ярьдаг. Аль аль нь үнэн.  Өнөөдрийн байдлаар 25 орчим хорих байгууллага бий. Хоригдлын бүх байр шинэ шүү. Хүнийг тамлах боломжгүй болгосон шүү. Нэг стандартын болгосон. Хяналт ийм өндөр учраас Төв аймгийн хорих газарт бэлтгэлийг нь хангаж байгаад таван хүнийг хорьсон. Хоног хугацаа алдмааргүй байна. Энэ чинь ял эдэлж байгаа хүмүүсийн ар гэрт там болж байна аа. Одоо хангалттай биш үү. Шүүх дээр асуудал гарч байна. Гарцаагүй хорьж шалгасан эрх мэдэлтнүүд нь одоо байгаад байгаа болохоор нэг тийшээ болгоход хэцүү байна. Та нар энд суучихаад амархан юм яриад байна. Би энэ хэрэгтэй хоёр жил зургаан сар ноцолдож байна. Энэ хэргийн араас явсан хүн болгон дээр хэрэг үүсгэсэн. Наад асуудлаа хурдан шийд. Энэ Монголд чинь төр байгаа юм уу. Ерөнхий шүүгчийн томилгоог яагаад хийхгүй байгаа юм. Сар боллоо. ХЭҮК зоримог байх хэрэгтэй. Материалаа нуугаад, жүжиг тавьж байна.

Ингээд байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Л.Болд гишүүний гаргасан саналыг уншиж танилцуулахад Ц.Нямдорж “Та нар шүүхийг шүүх гэж ярьлаа. Хаана байна, тэр шүүх чинь. Монголд шүүх гэж байхгүй болсон. Даргын даалгавраар гэмт хэрэг хүлээлгэж шоронд насаар нь хатаадаг бүлэг дээрэмчидтэй болсон” гэхэд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Хууль зүйн байнгын хороо шүүх болчхоод байна” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Батнасан “УИХ-ын танхим шүүх биш шүү” гэлээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.