Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа

Нийтэлсэн: Админ 2019-01-03 8:54:06

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж  байгаа


УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

 


-УИХ-ын нэгдсэн чуулган хуралдалгүй сар гаруй хугацаа өнгөрч байна.  Танай Засгийн газрын гишүүд яг ямар учраас танхимаараа чуулганы хуралдаандаа суухгүй байгаа юм вэ?


-Манай намын Удирдах зөвлөл, бага хурлын шийдвэр гарсан. Бид бүгдээрээ улстөрчид. Улс  төрийн байгууллагын шийдвэр гарсан, үүнийг дагах ёстой.


-Танай нам бүлэг дотроо ойлголцоод гацаанаас гаргах боломж байхгүй юм уу?


-Би маш тодорхой хариулт өглөө. Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан. Бага хурлын шийдвэр 95 хувьтай гарсан. Бид Бага хурлын шийдвэрээрээ УИХ-д нэр дэвшиж сонгогдсон.


-УИХ-ын даргыг огцруулах асуудлаар хуулийн төсөл боловсруулж, асуудлыг шийдэх гарц бий  юу?


-Олон хувилбар яригдах байх.

-Байнгын ажиллагаатай байх ёстой парламентын үйл ажиллагаа гацсанаас үүдэж  төрийн олон ажил зогсонги байдалд шилжлээ. Үүний хор хохирлыг тооцоолсон уу?


-Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж  байгаа. Бид УИХ-д Татварын багц хуулийг боловсруулж, өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан. Одоог хүртэл хэлэлцүүлж өгөөгүй. Энэ хуулийн төслөөр аж ахуйн нэгжийн орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош бол нэг хувийн татвар төлдөг байх, мөн жилд хоёр удаа тайлан гаргах зэргийг тусгаж өгсөн. Тендерийн тухай хууль хүлээгдэж  байна.


-Яамдын харьяа сангуудыг шалгах ажлын явц ямар байгаа вэ?


-Шалгаж байна. Зарим сангуудыг эргэж шалгах, нягтлах нөхцөл гарсан. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас улсын төсөвт буцааж төлөх ёстой хугацаа хэтэрсэн өрийн хэмжээ 132 тэрбум төгрөг байна. Энэ асуудлыг энэ нэгдүгээр сардаа багтааж Засгийн газрын хуралдаанд оруулна.


-Шалгалтын явцад илэрсэн ноцтой зөрчил байсан уу?


-Цаг хугацаандаа төлөгдөхгүй байгаа нь ноцтой зөрчил.


-Төрийн банкны захирал асан Д.Баярсайханд холбогдох хэргийг шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажилтай холбоотой мэдээлэл та авсан уу?


 -Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл олгосон асуудал үүссэн. Үүнтэй холбоотой Д.Баярсайханыг шалгаж байна гэж ойлгосон. Намайг сайд болохоос өмнө  Төрийн банк  76 захиралтай байсан. Энэ тоог 40 орчим болгож бууруулах шийдвэр гаргасан. Банкны үйл ажиллагаанд улс төрийн болон хөндлөнгийн оролцоо байж болохгүй. Цэвэр бизнесийн зарчмаар явах ёстой гэдэг зарчмыг баримтлан  ажиллаж байна.


С.Нацаг