Н.АРИУНБОЛД: ХҮЧ ТҮРСЭН БАЙДЛААР АСУУДЛАА ШИЙДЭХ НЬ АРДЧИЛСАН ЁСОНД НИЙЦЭХГҮЙ

Нийтэлсэн: Админ 2018-12-13 6:26:01

Н.АРИУНБОЛД: ХҮЧ ТҮРСЭН БАЙДЛААР АСУУДЛАА ШИЙДЭХ НЬ АРДЧИЛСАН ЁСОНД НИЙЦЭХГҮЙ


Хуульч Н.Ариунболд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй байгаа гишүүдийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын даргыг огцрохоос нааш чуулганы хуралдаанд оролцохгүй гэж УИХ-ын 40 орчим гишүүн мэдэгдэн, УИХ-ын аливаа үйл ажиллагаанд оролцохоос татгалзаад байгаа. Үүний улмаас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд орлоо. Хэрэв төрийн эрх барих дээд байгууллагын албан тушаалтан Үндсэн хууль зөрчвөл хариуцлага хүлээлгэдэг зохицуулалт Үндсэн хуульд бий” хэмээн онцолсон юм. Мөн уг асуудлаар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан аж.

Үүнтэй холбоотой зарим асуудлаар хуульч Н.Ариунболдоос тодрууллаа.

 

-УИХ-ын 40 орчим гишүүн чуулгандаа суухгүй, УИХ-ын байнгын ажиллагааг тасалдуулж байна. Хуулийн хүрээнд юу гэж заасан байдаг юм бэ?

-Дэгийн тухай хуульд энэ харилцааг зохицуулсан байдаг л даа. Ажил хаялт зарлаад өөрийнхөө эрхийг хамгаалж болдог, магадгүй улс төр өөрөө төрийн эрх барих дээд түвшинд бойкот хийх зарим тохиолдолд хуулиараа нээлттэй байдаг. Тэр нь юу гэхээр илтэд Үндсэн хууль зөрчсөн асуудлыг УИХ-аар хэлэлцэх гэж байгаа бол эсвэл нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх гэж байгаа тохиолдолд УИХ-ын гишүүд бойкот хийгээд УИХ-ын хуралд оролцохгүй байх боломжтой. Бусад тохиолдолд оролцох үүрэгтэй. Энэ хуулийн зохицуулалтыг зөрчин чуулганы хуралдааныг хоёр доло хоног тасалдуулж байна. Энэ нь өөрөө Үндсэн хуульд нийцэхгүй байгаа. Магадгүй улс төрийн шийдэл, ямар нэгэн асуудал байгаа бол зөвхөн хуульд заасан хэлбэрээр илэрхийлээд явах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, тодорхой асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоод, саналаа өгөөд асуудлаа шийдвэрлээд явах бүрэн боломжтой. Гэтэл энэ асуудлаа шийдвэрлэхгүйгээр шууд хүний олноор, хүчирхийллийн аргаар энэ асуудлыг шийдэж байгаа нь Үндсэн хууль зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байгаа.

-УИХ-ын гишүүд УИХ-ын даргыг огцруулах хуулийн заалт байхгүй гээд байгаа шүү дээ?

-УИХ-ын даргыг чөлөөлье гэдэг санал гаргах хуулийн заалт байхгүй. Боломж байхгүй учраас боломж байхгүй юмыг мэдсээр байж илтэд зөрчөөд байгаа үйлдэл нь зарчимд нийцэхгүй байна гэж үзээд байгаа.

-Их Хурлын даргын зөвлөхийн хувьд энэ байдал даамжирвал төрийн эрх мэдлийг хүчээр авах оролдлого, зөрчил рүү орно гэж байгаа. Та хуульч хүний хувьд үүнтэй санал нийлэх үү?

-Мэдээж хэрэг эрх зүйт төр гэдэг зарчим гээд байгаад байна шүү дээ, хууль дээдлэх. Хууль буруу байна уу, дутуу байна уу, эсвэл хэм хэмжээ нь байхгүй байна уу гэдэгт асуудал биш. Гагцхүү хуулийн зохицуулалтаа хараад, шийдвэрлээд явах боломжтой. Мөн хуулийн хэм хэмжээ дутуу байгаа бол хууль санаачлаад асуудлаа шийдээд явах боломжтой байтал ингэж хүч түрсэн байдлаар асуудлаа шийдэх нь өөрөө ардчилсан ёсонд нийцэхгүй.

-Хуулиас давсан улс төр хийж байгаа гэж ойлгож болох уу?  

-Тийм. Уг нь ингэж болохгүй л дээ.

-Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа гэсэн?

-УИХ-ын 40 гишүүн л гээд яриад байгаагаас хэн хэн байгаа нь төдийлөн мэдэгдэхгүй байгаа. Цаашид УИХ-ын чуулганы олон долоо хоногоор зогсоогоод байвал тухайн асуудлыг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандана. Үндсэн хуулийн цэц магадгүй тэдний зөв гэж үзвэл цаашид хугацаагаагүйгээр бойкотоо хийгээд явна. Буруу гэж байгаа бол магадгүй Үндс эн хуулийн цэцийн шийдвэрээ биелүүлээд хуралдаа ороод явах ийм л боломжтой байгаа.

-Яригдаад байгаа УИХ-ын 40 гишүүнд сайдуудын ихэнх нь багтаад байх шиг байна. Сайдын ажлаа Их Хурлын гишүүнээс илүүд тавиад байгаа мэт дүр зураг байна?

-2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө сайдын ажлыг давхар хийж болдоггүй байсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн сайдын ажлыг давхар хийж болно гэж зааснаас хойш өнөөдөр УИХ-ын гишүүд сайдын ажлыг давхар гүйцэтгээд явж байгаа. Гэхдээ мэдээж хэрэг тодорхой асуудал дээр томилогдож л байгаа учир аль алиныхаа ажлаа зохицуулаад, асуудалдаа хандаад явах нь Үндсэн хуулийн зарчим.


С.Нацаг