Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын машин нь 6-8 хүний ажлыг гүйцэтгэнэ

Нийтэлсэн: Админ 2023-01-16 16:14:45

Зам, талбай цэвэрлэх тусгай зориулалтын, бага оврын шинэ машинуудын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.


С.Батболд: Шинэ машинуудыг жилийн дөрвөн улиралд, олон зориулалтаар ашиглана

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батболд нар зам, талбайн цэвэрлэгээний машины үзүүлэлт, онцлогийн талаар “Одоо ашиглаж байгаа машинуудтай харьцуулахад хогийн сав нь 500 литр, усны сав нь 150 литрийн багтаамжтай болж нэмэгдсэн. Мөн хогийн савыг автоматаар буулган хог хаягдлаа асгадаг зэрэг давуу талтай болж сайжирсан байна. Жилийн дөрвөн улиралд зам, талбай болон  нуухын цэвэрлэгээг хийх боломжтой. Яг манайх шиг газар цэвэрлэгээ, арчилгааны олон зориулалтаар ашиглах тоноглолтой, хүчин чадалтай” гэв.

М.Цэрэндондов: Хөдөлмөрийг хөнгөвчилж, цаг хэмнэж байна

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч-оператор М.Цэрэндондов “Бид хариуцсан зам талбайнхаа нуухыг цэвэрлэхэд 2-3 цаг зарцуулдаг. Цаг агаар муудсан, цас орсон үед бүр ч илүү ачаалалтай ажиллана. Цэвэрлэгээнд энэ машиныг ашиглахад явган зам, нуухны цэвэрлэгээг маш их хөнгөвчилж, нэг өдөрт 6-8 хүний хийх ажлыг гүйцэтгэдэг. Тэгэхээр ажилчид, албан хаагчдын хөдөлмөрийг хөнгөвчлөөд зогсохгүй цаг завыг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлж байна” хэмээлээ.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС