С.ЭРДЭНИЙН АН-ЫН ДАРГА БОЛСОН, Д.ПҮРЭВДАВААГИЙН АН-ЫН ТӨЛӨӨ ХИЙСЭН ХОЁР ЯГ ТЭНЦЭНЭ

Нийтэлсэн: Админ 2018-11-07 3:23:03

С.ЭРДЭНИЙН АН-ЫН ДАРГА БОЛСОН, Д.ПҮРЭВДАВААГИЙН АН-ЫН ТӨЛӨӨ ХИЙСЭН ХОЁР ЯГ ТЭНЦЭНЭ  



“…Дагдангийн эхнэрийн таргалсан, Мядагмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” гэж Их Нацагдорж “Цагаан сар ба хар нулимс” зохиолдоо өгүүлсэн нь бий. Утгыг нь бол манай ард түмэн маш сайн мэднэ дээ.


Түүн лүгээ С.Эрдэнийн АН-ын дарга болсон, Д.Пүрэвдаваагийн АН-ын төлөө хийсэн хоёр яг тэнцдэг юм.


Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдавааг уржигдар намаасаа хөөжээ. Намын гишүүний үүргээ удаа дараа зөрчсөн тул дөрвөн жилийн хугацаагаар хөөсүгэй гэж С.Эрдэнэ дарга тушаалдаа бичсэн байна.


Одоогоос долоон сар гаруйн өмнө “…Д.Пүрэвдаваад сануулах арга хэмжээ авсугай” гэсэн тушаалыг С.Эрдэнэ бас гаргаж байсан юм. Тэгэхээр уржигдар гаргасан тушаал нь өмнөхийн үргэлжлэл байсан байна.


Д.Пүрэвдаваа 2017 оны наймдугаар сарын 2-ныг хүртэл Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн АН-ын даргаар ажиллаж байв. Энэ хооронд АН-д шалгуур болсон гурван ч сонгууль болж өнгөрсөн.


Тэр нь 2016 оны УИХ-ын сонгууль, 2016 оны Орон нутгийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль юм.


2016 оны УИХ-ын сонгуульд бол АН “үсгүй” арчуулсан. Гэхдээ энэ дүүргээс Ж.Батзандан ялж УИХ дахь АН-ын бүлгийн есөн гишүүний нэг болсон байдаг.


Харин Орон нутгийн сонгуульд Улаанбаатарт гурван дүүрэгт АН ялалт байгуулсны нэг нь Баянзүрх байв. Нөгөөх нь С.Эрдэнийн олон жил даргаар нь ажиллаж, олон удаа сонгуульд нэр дэвшсэн Баянгол дүүрэг, бас Сүхбаатар дүүрэг хоёр юм. Өөрөөр хэлбэл, Д.Пүрэвдаваагийн тэргүүлсэн Баянзүрх дүүргийн АН намынхаа засаглалыг дүүрэгтээ авч үлдсэн байдаг.


Гэвч эрх баригч МАН Орон нутгийн сонгуулийн дүнг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Баянзүрх дүүрэг одоог хүртэл улс төрийн үл ойлголцол дунд байгаа. Баянзүрх дүүргийн АН-ынхан ч сайн тэсч байгаа юм. Ямар сайндаа л МАН-ынхан 2016 оны сонгуулийн дараа Э.Мөнх-Очирыг Кубээс авчраад Баянзүрхийн МАН-ын дарга болгочихсон бол өдийд Д.Пүрэвдаваа нарыг буулгаад авчихсан байхгүй юу гэж ярьж суухав дээ.


Хамгийн харамсалтай нь энэ бүхний дараа 2017 онд шинээр сонгогдсон АН-ын удирдлагуудтайгаа бас үл ойлголцол үүсч, улмаар Баянзүрх дүүргийн АН-ынхан Ардчиллын өргөөний гадна хүртэл жагсаал хийж, суулт зохион байгуулж байлаа.


Энэ л явсаар Д.Пүрэвдаваа намын гишүүний үүргээ гүйцэтгээгүй гэгдэж сануулах арга хэмжээ аваад, уржигдар намаасаа хөөгдлөө.


Хамгийн марзан нь С.Эрдэнэ Д.Пүрэвдавааг дөрвөн жилийн хугацаатай хөөсөн байгаа юм. Дөрвөн жил явж байгаад буцаад ир гэсэн хэрэг. Яг нарийндаа бол 2020 оны сонгуульд нэр дэвших эрхийг нь л хасч байгаа юм.


Дээр үед МАН л ингэж хугацаатай цөлдөг байсан түүх бий. Харин XXI зууны Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намынхаа гишүүнийг хугацаатай хөөдөг юм байна.

Үүнээс гадна 2017 онд АН шинэ дүрмийнхээ дагуу даргаа сонгоход С.Эрдэнэ Баянзүрх дүүрэгт ялалт байгуулж байв.


Эх сурвалжийн ярих нь, МАН, АН-ын дарга нар тохироо хийж, С.Эрдэнэ Баянзүрх дүүргийн удирдлагуудыг буюу Д.Пүрэвдаваа нарыг дуугүй болгох үүргийг өгөхөд нөгөөдүүл нь тоогоогүй юм байх. Ингээд л бүхнийг өмнөө бөхөлзүүлэх болсон С.Эрдэнэ ийм арга хэмжээ авч байгаа юм байна.


Нөгөө талаас АН өнөөдөр дотооддоо дажин ихтэй байгаа. УИХ-ын экс гишүүд болох Х.Тэмүүжин, Г.Батхүү, Лу.Гантөмөр нар сүрэглээд, гаднаас Ц.Элбэгдорж довтолгоо хйичих гээд, Э.Бат-Үүл салж явж нам байгуулах гээд С.Эрдэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь туйлын үнэн. Эдгээрт С.Эрдэнэ машид хорсон уурсаж байгаа дуулдаж байсан.


Ингээд мань эр бодож бодож, дүүргийнхээ хэдээс өөр эзэнгүй, татаасгүй, фракцгүй Д.Пүрэвдавааг барьж авч бяраа үзүүлж байгаа нь энэ аж. Д.Пүрэвдавааг нам болговол бусдад нь сургамж болно гэж мөн ч гэнэхнээр төсөөлсөн бололтой юм.


Цаг хугацаа амархан өнгөрнө. Дөрвөн жилийн дараа С.Эрдэнэ мөрөөдөж байгаа шигээ Ерөнхий сайд байгаад, 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд сууж байх уу. Аль эсвэл хуультай хугацаагаа дуусгаад намдаа буцаж очсон Д.Пүрэвдаваа нарын залуусаар хэрхэхээ шийдүүлээд сууж байх уу.


Ер нь бол Д.Пүрэвдаваад улстөрчийн хувьд нэг онцлог байдаг. Улс төрийн орон зайдаа эзэн нь байдаг. Энэ талаараа Баянголын С.Эрдэнэ, Баянзүрхийн Д.Пүрэвдаваа хоёр төстэй. Бас хэн нэгэн “тод од”-ыг дагаж салбаганаад байдаггүй. АН-ын залуус дотроос цагийн уртад хол явах хүн гэдгийг нөлөө бүхий улстөрчид харчихсан хэлж байдаг юм.


Ерөөс 2020 онд АН ялж, С.Эрдэнэ Ерөнхий сайд болно гэж хэн ч хэлээгүй шүү. Тэгэхээр яг одоогоор С.Эрдэнийн АН-ын дарга болсон, Д.Пүрэвдаваагийн АН-ын төлөө хийсэн хоёр яг тэнцэнэ гэдгийг дахин хэлчихье.


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин