Шүүхийн байгууллагад өндөр албан тушаал хашиж байсан нэгэн нөгөө шүүгчдээ хахууль өгөхийг завджээ

Нийтэлсэн: Админ 2022-12-01 9:17:00

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 129-ийг шалгажээ.

Үүнээс 19-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бол эрүүгийн 754 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас тавыг нь шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсэн юм.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийн дотор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид хахууль өгсөн гэх хэрэг багтжээ.

Бидний авсан мэдээллээр шүүхийн шүүгч Б-д энэ оны есдүгээр сарын 8-нд иргэн С.Амардэлгэр, Л.Энхбат нар аж ахуйн нэгж хоорондын маргааныг нэгэн компанийнханд ашигтай шийдвэрлүүлэх зорилгоор 10 000 ам.долларын хахууль аваачиж өгсөн юм байна. Харин шүүгч Б нь уг мөнгийг авмагцаа АТГ-ынханд болсон явдлын талаар мэдэгдэж, валютыг бүгдийг нь хүлээлгэн өгчээ. Өөрөөр хэлбэл, хээл хахуулийн хэргийг сайн дураараа илчилсэн гэсэн үг.

С.Амардэлгэрийн хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан, сүүлд нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан нэгэн аж.

Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн юм байна.

С.Амардэлгэр нь өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж байсан. Харин Л.Энхбатын хувьд өмгөөлөгчөөр ажилладаг нэгэн агаад Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх гэж буй маргалдагч хоёр аж ахуйн нэгжийн нэгийнх нь төлөөлөгч гэсэн мэдээллийг эх сурвалжууд бидэнд өглөө.