Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийтэлсэн: Админ 2022-11-11 10:49:00
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжил, хамгааллын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих, нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангахад хамтран ажиллах санамж бичгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэх, үйлчилгээний төрлийг оновчтой тогтоож зарим хөнгөлөлт, тусламжийг нэгтгэх асуудлаар ажлын хэсэгт орж, санал санаачилгатай хамтран ажиллах юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн дарга бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, нөгөө талаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудыг төлөөлж Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Эрхийн Хороо зохицуулагч М.Баясгалан нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хэлсэн үгэндээ, "Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр аливаа бодлого, шийдвэр гаргахдаа та бүхний дуу хоолой, санал бодлыг сонсож хамтран ажилласаар ирсэн. Цаашид ч тулгамдаж буй асуудлыг хамтдаа шийдвэрлэж, салбар дундын уялдаа холбоог сайжруулахад анхаарч” ажиллана гэлээ.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх