Д.Амарбаясгалан: 509 машиныг эмнэлэг, цагдаа, онцгой, хил, гаалийн байгууллагад тарааж өгнө

Нийтэлсэн: Админ 2022-11-02 15:41:59

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг  танилцууллаа.


Засгийн газрын ээлжит 53 дугаар хуралдаанаар 21 асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Амартүвшинг томилсон. Мөн ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, О.Амарсанааг томилох шийдвэрийг гаргалаа. Эдгээр албан тушаалтнуудыг салбарын сайд нарын хүсэлтээр чөлөөлж, шинээр томилсон байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газрын авто баазын шинэчлэлтэй холбоотой товч мэдээллийг хүргэе. Энэ оны 204 дүгээр тогтоолоор Засгийн газрын авто бааз, улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулах , бүтцийг оновчтой болгох арга хэмжээг авах үүрэг чиглэл өгсөн. Миний бие ахалсан ажлын хэсэг үндсэн үйл ажиллагааг зохион байгуулж, Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөхөөр боллоо. Авто бааз нь 164 тээврийн хэрэгсэлтэй, 210 орчим ажилтан албан хаагчтай, жилдээ улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг байсныг 100 автомашинтай, 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа явуулах болно. Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу автомашины дуудлагын үйлчилгээ үзүүлнэ. Орон нутагт Засгийн газрын томилолтыг бүрэн хариуцаж ажиллах чиг үүрэгтэй байгуулж байна. Орчин үеийн менежментээр үйл ажиллагаагаа явуулна.

Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтан албан хэрэгцээндээ автомашин хэрэглэхийг хориглосон. Ирэх оны төсөвт автомашины зардлыг хэмнэж, зайлшгүй шаардлагатай автомашин унах албан тушаалтанд Улаанбаатар хотод төрийн авто баазаас болон хувийн хэвшлийн дуудлагын такси үйлчилгээг хэрэглэх боломжтой болж байна. Жишээлбэл, яамны газрын дарга сардаа автомашин хэрэглэж, жолооч болон машины шатахуунд зориулж, нэг сая орчим төгрөгийн зардал гардаг байсан. Харин Хэмнэлтийн хууль хэрэгжсэнээр 100-200 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар дуудлагын үйлчилгээг албан хэрэгцээндээ хэрэглэх юм.

Төсвөөс гарч буй автомашинд зориулсан урсгал зардлыг 90 орчим хувиар хэмнэх боломж бүрдэж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт нийт 250 автомашиныг хураан төвлөрүүлсэн. Ойрын хугацаанд нэмж 250 машиныг төвлөрүүлнэ. Нэг ёсондоо 509 машиныг хураана. Хэмнэлтийн хуулийн дагуу эмнэлэг, онцгой, цагдаа, хил хамгаалах ерөнхий газар, гааль гэсэн газруудад тарааж өгнө.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх