Нийслэлийн хэмжээнд инженерийн дэд бүтцийн нэгдсэн удирдлага, хяналтыг бий болгоно

Нийтэлсэн: Админ 2021-05-31 16:29:00

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр болж, гурван асуудлыг хэлэлцлээ. Хурлын эхэнд Хот нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт, удирдлагын UB ENGINEERING системийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм. Улаанбаатар хотын инженерийн хангамжийн  зарим байгууллага мэдээллийн технологийн  шийдлийг нэвтрүүлж,  байгууллагынхаа үйл ажиллагаанд мэдээллийн сангийн дэвшилтэт технологийг ашиглаж байгаа хэдий ч нэгдсэн зохион байгуулалтгүй байдаг. Энэ нь нийслэлийн нутаг дэвсгэрт хийж буй тохижилт, бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн ажлууд уялдаа холбоогүй болоход нөлөөлж байгаа юм. Мөн улс, нийслэлийн өмч, хөрөнгө үнэгүйдэх, ажил удаашрах, иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл, чирэгдэл учруулах, төрийн байгууллагаас үзүүлэх ажлын үнэлэмж буурах зэрэг асуудал үүссээр байна. Харин UB ENGINEERING систем нь нийслэлийн хэмжээнд хот нийтийн аж ахуйн болон инженерийн хангамжийн байгууллагуудад ашиглаж буй систем болон мэдээллийн санд интеграци хийж, нэгтгэх, уялдаа холбоог сайжруулах юм. Мөн тэдгээрийн өдөр тутмын ашиглалтын үйл ажиллагааг хялбаршуулах, мэдээллийн санг тогтмол үйл ажиллагаагаар баяжуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээг иж бүрэн цахимжуулснаар нийслэлийн хэмжээнд инженерийн дэд бүтцийн нэгдсэн удирдлага, хяналтыг бий болгоно.

 

Хот нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллагуудаас нийт есөн байгууллага мэдээллийн сантай, 20 байгууллага тодорхой хэмжээнд мэдээлэл цуглуулж, эхэлсэн ч  478 байгууллага, 1245 СӨХ мэдээллийн сангүй үйл ажиллагаа явуулж байна. Харин UB ENGINEERING систем ашиглалтад орсноор мэдээллийн сангаас мэдээлэл шүүх, хаана, ямар инженерийн шугам сүлжээ байгаа, гэнэтийн аваар, осол гарсан үед мэдээллийг шуурхай хүргэх, хяналт тавих гэх мэт олон давуу тал бий болох юм. Мөн нэгдсэн мэдээллийн сантай болсноор шугам, сүлжээ, мод, гэрэлтүүлэг зэргийг QR кодоор бүртгэж, мэдээллийн сан үүснэ гэдгийг албаныхан хэлж байлаа.

Хотын дарга “Энэ бол зайлшгүй хэрэгтэй зүйл. “Нэг тархи-Нэгдсэн систем”-тэй уялдуулаарай. Олон улсын жишгийг судлаарай. Хоорондын уялдаа холбоо чухал шүү” гэсэн юм. Мөн энэ системийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байнгын Ажлын хэсэг байгуулж, зохион байгуулалтын арга хэмжээ ажиллах, цаашид НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барьж, хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.

Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлбэл урамшуулал олгох журам боловсруулж байна

Зөвлөлийн хурлаар Хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах, экспортлох үйл ажиллагаа эрхэлдэг болон байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжид эдийн засгийн урамшуулал олгох журам батлах тухай асуудлыг хэлэлцсэн. Үүнийг өмнөх зөвлөлийн хурлаар хэлэлцсэн ч дахин нягтлахаар буцаагаад байсан юм. Ийнхүү давхацсан утга, агуулгыг нэгтгэж, оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгож, нэр томьёоны давхцалыг арилгаж, урамшуулал олгох зэрэг зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулжээ. Улаанбаатар хотод жилд 1.2 сая тонн хог хаягддаг. Хог хаягдлын бүтцэд судалгаа хийхэд дээрх хогийн 50 хувь буюу 600 мянган тонныг нь дахин ашиглах боломжтой ч булсаар байгаа юм. Энэ асуудлыг шийдэхэд уг журам бага боловч хувь нэмэр оруулна. Манайд хог хаягдлыг дахин боловсруулах 32 үйлдвэр бүртгэлтэй байдаг ч 10 орчим нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Дэлхийн улсуудад хогийг бизнес болгож байгаа олон туршлага байгаа. Мөн бизнес эрхлэгчдийг дэмжвэл дэмжсэн шиг дэмж. Шалгаж байгаа нэртэй торгодог, арга хэмжээ авдаг байж болохгүй. Эрүүл, аюулгүй байдалд нь хяналт тавь. Бусад эрхийг нь өг” хэмээн хэллээ. Ийнхүү журмыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барихыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгов.

Нийслэлийн иргэд өглөө төрийн үйлчилгээ авдаг гудамжтай болно

Үүний дараа Цагийн хязгаартай ажиллах, автомашингүй гудамж төслийг танилцууллаа. Энэ хүрээнд Гутлын 22-т өглөөний гудамж бий болгох бөгөөд энэ нь Улаанбаатар хотын иргэдэд өглөөний идэвхтэй амьдралыг бий болгох зорилготой. Иргэдэд ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа, наймаа хийх, өглөөний гүйлт, цаашлаад амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн сургалтад хамрагдах боломжийг олгох юм. Өглөөний гудамж 06:00-09:00 цагийн хооронд  нээлттэй байж, иргэдэд үйлчилнэ. Нийт 1647 ам метр талбайд 400-500 хүнийг хамарсан долоо хоногт гурван удаа арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Ажил хэрэгч, эрүүл өглөө, чөлөөт өглөө гэх мэт хөтөлбөртэй байх юм.

Автомашингүй буюу шөнийн гудамжийг мөн хоёр гудамжинд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энд залуучуудад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулна. Хоёр гудамжинд төр, хувийн хэвшлийн түншлэлээр автомашингүй, худалдааны байгууламж барихаар зорьж байгаа гэнэ. Дээрх асуудлуудтай холбоотойгоор зөвлөлийн гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал,  өглөөний гудамжийг байнгын ажиллагаатай болгох санал гаргаж, аж ахуйн нэгжүүдтэй уулзсан эсэхийг асуусан юм. Аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзахад энэ төслийг нааштай хүлээн авчээ. Хотын дарга “Эрсдэлээ тооцож, ажлаа сайн хийгээрэй” гээд захирамжийн төслийг танилцууллаа. Холбогдох хууль, тогтоолыг үндэслэн цагийн хязгаартай ажиллах автомашингүй гудамж төслийн хүрээнд  сонгосон гудамж, талбайд бүтээн байгуулалт, зам талбайн тохижилтыг гүйцэтгэхийг үүрэг болгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС