Б.Болор-Эрдэнэ даргын “бодлого”-тойгоор зөрчсөн Монголын хуулиуд!!!

Нийтэлсэн: Админ 2021-03-27 11:18:00
 

 

Юм уг нь их энгийн. Хууль дүрмээ л барьчихвал шүү дээ. Бүх юм хуулийн дагуу, дүрмийн бус тоглолтгүй бол урагшлаад л явчихдаг. Харин хууль дүрэм багахан зөрчигдвөл гажуудал гарч, бүр аюул дагуулах нь бий. Хуулийг гууль болгож байгааг төрийн хяналт шалгалтын байгууллага нүд нь балай, чих нь дүлий өнгөрөөвөл цаана нь авлига байх магадлал асар өндөр байдаг. Мөнгөний сонирхол, эрх ашгийн зөрчил үүсээд л явчихдаг гэдэг юм билээ. Энэ бол бүх салбар дээр байдаг зүйл. Коронавирус дээр ч бас байна. Өдөрт 200 илүүгээр тоолж байгаа шинэ тохиолдлын цаад шалтгааны талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл жиргэсэн байна лээ. Юу гэхээр “Коронагаа овоо кластераар бариад явж байтал сөрөг хариуны бизнес гарч ирээд хавтгай тараагаад өгчихөж. Авлига ийм аюултай!” гэж. Энэ үнэний ортой.

Төр хяналт шалгалт хийх ёстой атлаа сөрөг хариуны бизнесийг төрийн хэдэн эмч хийснээс болж халдварын тархалт нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр төрийн нэг албан хаагчийн эрх ашгаас үүдсэн хохирлыг нийт ард түмнээрээ ч төлж мэдэх аюултай гэсэн үг.

Энийг өгүүлсэн нь ашиг сонирхлын зөрчил байж мэдэхүйц нэгэн шийдвэрийг Монголын төрийн хариуцлагатай алба хашиж буй нэгэн хүн гаргачихсан нь ил болсонтой холбоотой. Одоо өгүүлье.

Гаднын хөрөнгө оруулагч гэх гоё үгээр халхавчлан Монголын хуулийг гууль болгож байгаа тухай баримт бидэнд ирсэн юм. Хамгийн харамсалтай нь, энэхүү хууль бус үйл ажиллагаанд нь Монгол төрийн тамга атгасан дарга нар татагдан оролцож, хууль биелүүлэхийг шаардахын оронд хуулиас давсан дүрэм журам чиглэл гаргаад сууж байгаа ноцтой баримт юм. Тэр хүн бол Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ.

Монголын зах зээлд 25 жил ноёрхож байгаа “Мобиком” корпорацын хөрөнгө оруулагч нь гаднынхан гэдгийг бид бүгд мэддэг. Охин компани нь “Мобинэт” гэдгийг ч монголчууд гадарладаг. Гэтэл гаднын хөрөнгө оруулалттай тус компани Монгол Улсын Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг ноцтой зөрчиж, ямар ч тусгай зөвшөөрөлгүйгээр “VОО” нэртэй үйлчилгээг хүргэсээр жил тойрох гэж байна.

Хамгийн ноцтой нь харилцаа холбоо буюу стратегийн салбар дахь гаднын хөрөнгө оруулалттай компанийг хязгаарлах ёстой хууль Монголд хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад энэхүү хуулийг гардан хэрэгжүүлэх учиртай Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ өөгшүүлж, Монголын хуулиа гууль болгоод сууж байгаа аж.

Цаана нь ямар эрх ашиг байгаа болоод хууль биелүүлэхийг шаардах учиртай Төрийн агентлагийн дарга хуулиас давсан дүрэм журам боловсруулаад сууж байдаг юм бол. Энэ бол хууль хяналтын байгууллага анхаарах л ёстой сэдэв. Хардахад буруудахгүй үндэслэл шүү. Яагаад гэвэл энэ бүхэн нь төрийн хяналт шалгалтын агентлагийн шийдвэрээр баталгаажчихсан баримт юм. Юу гэвэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ хууль зөрчигдөж байгааг анхааруулсан бичгийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэд 2021 оны нэгдүгээр сарын 15-нд хүргүүлсэн нь бидэнд олдсон юм. Энд Б.Болор-Эрдэнэ даргын бодлоготойгоор Монголын хуулийг гуйвуулсан, зөрчсөн, гууль болгосон бүх баримт дурайж байх ажээ.

БАРИМТ 1.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр А/112 тоот тушаалаар “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл” гэсэн зүйл баталжээ. Энэ чиглэлийнхээ 2.7-д “Интернэтээр дуу дүрс дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь төрөөс иргэдэд хүргэх радио телевизийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх тохиолдолд тусгай зөвшөөрөлд авна” гээд 2.8-д нь “Интернэтээр дуу дүрс дамжуулах үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь энэхүү баримтлах чиглэлийн 2.7-д заасан тусгай зөвшөөрлийг Зохицуулах хорооноос олгох хүртэл уг үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болно” гээд 2.9-д нь “Энэхүү баримт бичгийн 2.7-д зааснаас бусад интернэтээр дуу, дүрс дамжуулах үйлчилгээ эрхлэгч нь тусгай зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ эрхэлнэ” гэж заасан байгаа юм.  Эндээс бүх будлиан ойлгомжтой болж байгаа юм.

Монголд өнөөдөр өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлж байгаа 16 телевиз байгаа бөгөөд тэдгээрийг интернэтээр дамжуулах эрхтэй үндэсний компани тун цөөхөн бий. Харин эдгээрээс нэг нь л Тусгай зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж, дур мэдэн үйл ажиллагаа явуулж байгаа нь “Мобиком” корпорацын охин компани “Мобинэт”-ийн үзүүлж буй “VOO” үйлчилгээ юм.

Тэгэхээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ дээрх чиглэл гэдэг зүйлээ хэнд зориулж гаргасан нь ойлгомжтой болж байгаа юм. Хамгийн ноцтой нь энэхүү “Чиглэл” нь өөрөө Монгол Улсын хэд хэдэн хуулийг ноцтой зөрчиж байхад баталсан нь гайхалтай. Тэр хүн Төрийн хуулийг биелүүлнэ гэж тэнд томилогдсон уу, төлөөний хүн болж нэг компанид зүтгэнэ гэж тэнд очсон уу?

Монгол Улсын ямар ямар хууль зөрчигдсөн гэдгийг ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тогтоосон байна. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.1, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 7.1-д заавал тусгай зөвшөөрөл авахаар зохицуулсан байхад “Тусгай зөвшөөрөл хэрэггүй ээ. Дураараа ажиллаж байгаад тусгай зөвшөөрлөө авчихна биз” гэсэн агуулгатай илтэд нэг компанид үйлчилсэн чиглэл баталснаа Б.Болор-Эрдэнэ дарга тайлбарлах биз ээ.

Нөгөө талаас Б.Болор-Эрдэнэ даргын энэ үйлдэл бол Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулийг ч ноцтой зөрчсөн үйлдэл юм. Өрсөлдөөний тухай хуулийн 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, “13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг зөрчсөн байгаа юм.

БАРИМТ 2.

Эрхэм дарга Б.Болор-Эрдэнийн хууль зөрчсөн үйлдэл ингээд зогсохгүй аж. Хууль биелүүлэхийг шаардах үүрэгтэй хүн хуулиас давсан “Чиглэл” баталсан талаар дээр өгүүлсэн.

Эхлээд хууль зөрчөөд явж бай, дараа нь тусгай зөвшөөрлөө хөөцөлдөөд авчих гэж “Мобинэт” компанид “ЗӨВШӨӨРСӨН” салбар агентлагийн дарга маань цаагуураа нэг компанид хууль хийдүүлэх, бүр үүрэг хүлээх учиртай төлбөрийн даалгавраас чөлөөлсөн “Чиглэл” гаргасныг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт шалгалтаар ил болсон байгаа юм. Б.Болор-Эрдэнэ дарга тун няхуур ажилласан байгаа юм!!!

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.5-д “Радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч нь олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээнд холбогдох, хөтөлбөр дамжуулахад дараах зарчмыг баримталж, хоорондоо байгуулсан гэрээгээр зохицуулна” гэж, 20.5.3-т “өргөн нэвтрүүлгийн радио телевизүүд нь энэ хуулийн 6.1.2-т заасан үйлчилгээний үндсэн багцын өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээгээр өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлс авах”-аар тус тус заажээ.

Гэтэл Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийн А/112 тоот тушаалаар баталсан “Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл”-ийн 2.8-д нь “Интернэтээр дуу дүрс дамжуулах үйлчилгээ эрхэлж байгаа этгээд нь энэхүү баримтлах чиглэлийн 2.7-д заасан тусгай зөвшөөрлийг Зохицуулах хорооноос олгох хүртэл уг үйлчилгээг тусгай зөвшөөрөлгүйгээр эрхэлж болно” гэж тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.5.3-т заасан өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээний хөлсийг төлөхгүй байх боломжтой байдлаар зохицуулсныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар тогтоожээ.

Монголын хууль ингэж л гууль болж байна. Болгож байгаа хүмүүс нь бодлоготойгоор хийж байгаа нь ч тодорхой биз. Эсвэл хуулиа мэдэхгүй агентлагийн дарга байгаа бол мэддэгт нь ажлаа өгөх ёстой болов уу!!!

С.Сүлд

Эх сурвалж: 24tsag.mn

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх