Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгууллаа

Нийтэлсэн: Админ 2021-03-05 10:52:12

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамжаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн уг ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар ажиллаж байна.

Ажлын хэсэг өчигдөр /2021.03.04/ хуралдлаа. Ажлын хэсгийн гишүүд цаашид хэрхэн ажиллах, анхаарах нэн чухал асуудлуудын талаар санал хэлэв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Түр хорооны ажилтай уг ажлын хэсгийн ажлыг уях, уялдаатай ажиллахад анхаарах ёстой гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар вакцинжуулалт удаашралтай байгааг хэлээд үүний учир шалтгааныг олж, уг ажлыг түргэсгэх тухайд анхаарах ёстой гэлээ. УИХ-ын гишүүүн М.Оюунчимэг вакцинжуулалт хийгдэж буй газар дээр нь очиж бодитоор асуудлыг харж төлөвлөгөө гаргах чухал болохыг онцолсон бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа судалгаатай асуудалд хандах ёстой учир судалгаануудыг хийлгэх хэрэгтэй байна гэлээ.

Ийнхүү Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар анхааран ажиллах шаардлагатай асуудлуудыг сонсож, төлөвлөгөө гарган ажиллахаар болов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх