Д.Нарангэрэл: Вакцины дараа халуурвал дархлаа тогтож байна гэсэн үг

Нийтэлсэн: Админ 2021-02-26 12:13:53

Хөл хорио суларч, covid-19 халдварын эсрэг дархлаажуулалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Бүгд Найрамдах Энэтхэг улсын буцалтгүй тусламжаар "АстраЗенека" вакцины 150 мянган тунг энэ сарын 23-нд хүлээн авсан өдрөөс вакцинжуулалт эхэлсэн ба 18-аас дээш насны иргэд хамрагдах юм. Энэ талаар ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэлээс тодрууллаа.


-Энэ сарын 23-нд дархлаажуулалт эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хүн амын хэчнээн хувь нь вакцинд хамрагдаад байна?

-Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд 3112 хүн вакцинд хамрагдсан. Энэ нь эхний удаад дархлаажуулахаар төлөвлөсөн зорилтот бүлгийн 22 хувийг эзэлж байна. Бид covid-19 халдварын эсрэг “АстраЗенека” вакцинаар эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14.092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн.

Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээллээр вакцин хийлгэснээс хойш 3-5 хоногт халуурах, ядрах зэрэг хариу урвал хүмүүст илэрч байгааг дурдсан. Вакцины хариу урвал үзүүлж буй хүмүүсийг насны бүлгээр нь авч үзвэл?

Вакцин био бэлдмэл хийлгэж буй хүмүүст хэсэг газрын, ерөнхий биеийн урвал гардаг. Хэсэг газрын гэдэгт вакцин тарьсан булчин орчимд улайх, загатнах, өвдөх, тухайн хэсгийг булчирхай цочих зэрэг шинж тэмдэг бий. Ерөнхий биеийн гэдэгт жихүүдэс хүрэх, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч байна. “АстраЗенека” вакцинд хүн амын 18-аас дээш насны иргэдээ хамруулж байна. Вакцинд хамрагдсан хүмүүсийн 3-5 хувьд ямар шинж тэмдэг илэрч байна вэ гэдэг судалгаа явуулахад жихүүдэс хүрэх, бага зэрэг халуурах, толгой өвдөх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Энэ нь дархлаа сайн тогтож байна гэсэн үг. Тухайн хүн вакцины эсрэг хариу урвал өгч, дархлаа тогтож байна гэж бид үздэг. Вакцины хариу урвалын шинж тэмдэг 2-3 хоногийн дараа арилна. Харин шинж тэмдэг удаан хугацаанд илүү хүчтэй үргэлжилбэл заавал эмчид хандах ёстой. Дархлаажуулалтын явцад вакцины хариу урвалд 40-өөс дээш наснынхан мэдрэг байна.

-Манай улс эхний ээлжид БНЭУ-ын буцалтгүй тусламжаар "АстраЗенека" вакцины 150 мянган тун, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар "Синофарм" компанийн "Verocell" вакцины 300 мянган тунг хүлээн аваад байна. Төрийн байгууллагуудад вакциныг хуваарилж байна уу. Төрийн албан хаагчдын хэчнээн хувь нь ямар вакцинд хамрагдаад байна?

Вакциныг төрийн байгууллагуудад хуваарилахгүй. Дархлаажуулалтын 20 цэгээр вакцин хийж байна. Нэн түрүүнд бид зорилтот бүлгээ дархлаажуулж байна. Covid-19 халдварын эсрэг тэмцэхэд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилчид. Эмч эмнэлгийн ажилтнуудаас ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв,  түргэн тусламж, эрчимт эмчилгээ, өрхийн эмнэлгийн эмч нарыг хамруулж байна. Мөн Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий онцгой байдал, цагдаа,  мэргэжлийн хяналт, хил гааль зэрэг төрийн албан хаагчдыг хамруулж байна. Covid-19 халдварын эсрэг "АстраЗенека" вакцинд эхний ээлжид эрүүл мэндийн 8640 ажилтан, хувийн хэвшлийн 4100, төрийн албан хаагчдын 3800, нийгмийн ажилтан 3000. Мөн эрсдэлт бүлгийн буюу 55-64 насны хүн вакцинд хамруулахаар төлөвлөсөн.

-Дархлаажуулалт эхлүүлэхээс өмнө вакцин хадгалах бэлтгэл ажлыг хангасан. Хадгалалтын горим, тоног төхөөрөмж найдвартай юу?

-Монгол Улсад covid-19 халдварын эсрэг вакцин хадгалах 3 түвшний тоног төхөөрөмж бэлтгэсэн. Тиймээс вакцины хадгалалт хамгаалалтын горим, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж найдвартай. Эхний ээлжид хүлээн авсан вакин 2-3 градуст хадгалах горимтой. Задалсан вакциныг 6 цагийн хугацаанд хэрэглэх заалттай.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх