Нийтийн тээвэр 21 чиглэлд үйлчилгээнд гарна

Нийтэлсэн: Админ 2021-02-15 15:40:55

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжиж, зах худалдааны төвүүдийг нээж буй. Хөл хорионы дэглэмийн үед 21 чиглэлд 180 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарна.

Ингэхдээ нийтийн тээвэр:

  • Өглөө 07:00-09:30
  • Өдөр 12:00-15:00
  • Орой 17:00-22:00 цаг хүртэл цагийн хуваариар үйлчилгээнд гарах ба 30 мянга гаруй төрийн албан хаагчид зорчно гэх тооцжээ.

Шаардлагатай үед нэмэлтээр 20 автобус хөдөлгөөнд оролцуулахаар төлөвлөсөн байна. НОК-ын мэдээлснээр зах худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээж байгаа ч нийслэлийн хөдөлгөөнийг тав хүртэлх хувьд барих аж. Хөдөлгөөнд оролцох хүмүүс ажлын болон иргэний үнэмлэхтэй байх ёстойг санууллаа.

НИЙТИЙН ТЭЭВРҮҮД АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР ХҮН ҮЛДЭЭХ ЁСГҮЙ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР: 

-Иргэдэд ойлголтоо зөв өгөхгүй бол асуудал үүссээр байна. Хийж байгаа ажлаа буруу тайлбарласны улмаас бөөгнөрөл үүсч байна. Бодлого нь зөв гарсан ч мэдээллээ буруу өгч байна. PCR шинжилгээтэй нь хувийн унаатай зорчино, шинжилгээний бичиггүй нь автобусаар зорчно гэх мэдээлэл, асуудал дахин гаргаж болохгүй. Нийтийн тээврийн автобусны маршрутаа тодорхойлсон ч цагийн хуваарийн дагуу 10, 10 минутын зайтай  хөдөлгөөнд оролцох уу гэдэг нь эргэлзээтэй. Тиймээс автобус хоёр хоёроороо зэрэг буудал дээр очиж, хүн үлдээхгүй, үйлчилгээнд явах ёстой.  Гэхдээ хүн хоорондын зайгаа барь, халдвар хамгааллын дэглэмээ сахь. Маскаа зүүж, гараа ариутга гэлээ.

Хөл хорионы хугацаанд 14 салбар, байгууллага үйл ажиллагаа эрхэлж болохыг УОК-оос нэр зааж, түүнд хамаарах хувийн хэвшлийнхэн нь ажлын үнэмлэх, тодорхойлолтоо үзүүлээд автомашинаараа явах боломжтой гэж Шадар сайд нь мэдэгдсэн ч Тээврийн цагдаагийн албаныхан нь “Тийм шийдвэр ирээгүй” гэж буцаах асуудал цөөнгүй гарсан.Эмнэлгийн тусламж авах гэж яарсан иргэд явган алхсан, 14 чиглэлд багтсан дэлгүүрийн худалдаа эрхлэгчид автомашинаараа зорчих эрхгүй хязгаарлалтад орсон, нийтийн тээвэр нь удтал хүлээлгэсэн, цагийн хуваарь тодорхойгүй зэрэг олон эргэлзээ дагуулсан асуудал үүсч, шүүмжлэл дагуулсан билээ. Тэгвэл зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг нээхтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтын талаар дараах мэдээллийг өгч байгаа юм.

АЖЛЫН ҮНЭМЛЭХ, ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ, PCR ШИНЖИЛГЭЭНИЙ БИЧИГТЭЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦНО

Нийслэлийн замын хөдөлгөөн хариуцсан дэд дарга С.ЖАВХЛАНБААТАР: 

-Нийт 14 чиг үүргийн байгууллага замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөлтэй байна. Үүнээс Шадар сайдын өгсөн үүргийн дагуу нийслэлийн хөдөлгөөнийг энэ сарын 23 хүртэл тав орчим хувьд барина. Тэр тусмаа зах, худалдааны төвүүдийг нээж буйтай холбогдуулан хүнсний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр худалдаа үйлчилгээ эрхлэгчидтэй тохиролцсон. Хөдөлгөөнд оролцохдоо гэр ажил, ажил гэр гэх зарчмыг баримтална. Мөн хөдөлгөөнд оролцохдоо ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхтэй байх ёстой.Дээр нь хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч нар, иргэдээс  PCR шинжилгээний бичиг шаардах ажлын шаардлагыг үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад өгсөн гэлээ.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх