U-money картыг өнөөдрөөс гар утсаар цэнэглэнэ

Нийтэлсэн: Админ 2020-11-02 12:43:31

Нийтийн тээврийн салбар цахим төлбөрийн системд шилжээд багаггүй хугацаа өнгөрч байна. Гэвч иргэд  бэлэн мөнгөөр автобусанд зорчиж, "туулайчлах" тохиолдол цөөнгүй. Хэдийгээр нийслэлийн хэмжээнд u-money  карт цэнэглэх мянга орчим цэг бий ч иргэдийн зүгээс “картаа цэнэглэж амжаагүй” гэх шалтгаанаар бэлэн мөнгөөр зорчдог. Тэгвэл энэ асуудал өнөөдрөөс цэгцэрч байна. Нийтийн тээврээр зорчигчид u-money карт цэнэглэх төв хайх шаардлагагүйгээр гар утаснаасаа цэнэглэх боломж бүрдлээ. Энэ талаар Улаанбаатар смарт компани өнөөдөр /2020.11.02/ хийсэн мэдээлэлдээ иргэд карт цэнэглэх төв хайх шаардлагагүйгээр нийтийн тээвэрт зорчих боломжтой гэдгийг онцлов.

Иргэдийн тухайд Hi-Pay solution төлбөрийн системийн “Hi-Pay Wallet” аппликейшнээр дамжуулан NFC дэмждэг гар утасныхаа тусламжтайгаар u-money картаа цэнэглэх юм.

Автобусны карт нь NPC чиптэй ба таны гар утас энэхүү чипийг дэмждэг бол харилцагч банкныхаа дансыг холбосноор u-money картаа цэнэглэнэ. Гар утсаараа u-money картаа цэнэглэснээр

  • Гар утсаа картаа цэнэглэсэн тохиолдолд автобусанд шууд хэрэглэх боломжтой.
  • Банкны шимтгэл хураамж төлөхгүй
  • Ebarimt-д автоматаар бүртгэгдэх юм.

Улаанбаатар смарт компанийн зүгээс  цахим төлбөрийн системийг хөгжүүлэх ажлын хүрээнд Hi-Pay solution компанитай хамтран  нийтийн тээврээр зорчих ухаалаг шийдэл олсон нь энэ аж. Дашрамд дурдахад, цахим  картаа утсаараа цэнэглэсэн хүн бүрт автобусанд бүтэн жилийн турш үнэгүй зорчих эрхээр шагнах сугалаат аяныг зарлажээ. Нийт арван долоо хоногийн турш үргэлжлэх уг аянд 50 азтанг шалгаруулах юм.  Азтан болсон иргэд бүтэн жилийн турш нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих юм байна. Ингэхдээ долоо хоног бүр таван азтанг тодруулах ба иргэд Hi-Pay wallet-р долоо хоног бүр дүн харгалзахгүй цэнэглэхэд автоматаар сугалаанд оролцох юм.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх