“Учиртай гурван толгой” дууриар УДБЭТ улирлаа эхлүүлнэ

Нийтэлсэн: Админ 2020-09-30 14:54:23

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр /УДБЭТ/ 58 дахь удаагийн улирлын нээлтээ Монголын сонгодог бүтээл болох Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетээр эхлүүлэх гэж байна.  “Учиртай гурван толгой” дуурийг аравдугаар сарын 3-нд, “Үйлийн гурван толгой” балетыг аравдугаар сарын 4-нд тус, тус тоглох юм.

УДБЭТ-ын захирал Ц.Түвшинтөгс хэлэхдээ “Ахмадууд маань жил бүр "Учиртай гурван толгой" дууриар улирлаа нээж, хаадаг байсан уламжлалтай. Энэхүү уламжлалыг эвдэхгүй. Эдгээр бүтээл нь Монголын өв уламжлал, ёс заншлыг өгүүлсэн шилдэг уран бүтээл юм. Манай урын санд дуурь, балет нийлсэн 150 гаруй бүтээл бий.  Мөн бид судалгаанд суурилан уран бүтээлүүдээ тайзнаа тавина. Манай театрын маркетинг судалгааны алба сүүлийн 20 жилд эх орондоо болон олон улсад тоглогдсон сонгодог бүтээлүүд, үзэгчдийн судалгааг хийсэн. Үүнд түшиглэн уран бүтээлийн хуваарийг гаргаж байх болно. Өмнө нь бүтэн жилээр нь хуваариа төлөвлөдөг байсан бол энэ жилээс эхлэн гурван сараар гаргадаг болсон. Үзэгчдийн сэтгэл ханамжийг судалгааг ч хийсэн. Сонгодог урлагийг зөвхөн Улаанбаатар хотын үзэгчдээр хязгаарлахгүй орон нутгийн үзэгчдэд таниулахад анхаарна. Залуучуудад Монголын уламжлалт өв соёлоо сонгодог бүтээлүүдээрээ дамжуулан таниулах  зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

Мөн театрынхаа орчин нөхцөлийг засч янзлах, тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлагатай талаар дээд албан тушаалтнуудад хүсэл тавьсан  ч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй байгааг театрын захирал онцоллоо.

Тоглолтын 58 дахь улирлын нээлтийн үйл ажиллагааны тоглолтын Удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц. Мөнхболд туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, хөтлөх найруулагч Соёлын тэргүүний ажилтан Б.Туул нар ажиллана.

"УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ" ДУУРИЙН ДҮРҮҮДЭД:

  • Юндэн (Жирийн ард) – Л.Бүүвэйбаатар,
  • Нансалмаа (Юндэнгийн сүйт бүсгүй) – Ш.Наранчимэг МУСТА ,
  • Хоролмаа (Юндэнд сэтгэлтэй бүсгүй) – С.Мөнгөнцэцэг
  • МУГЖ, Балган (Хошуу ноён)-О.Хүрэлбаатар МУСТА,
  • Худалдаачин – Э.Отгонбат,
  • Дууч – Б.Мөнхбаатар МУГЖ,
  • Ц.Мөнхболд УГЗ,
  • Хуурч – Ард өвгөн – Ө.Цэрэнчунт МУСТА,
  • Замын тосуул-Д.Эрдэнэ-Очир СТА,
  • Б.Алтанхуяг МУСТА,
  • Бүүвэйч-Г.Доржхорол МУГЖ,
  • Согтуу ноён – М.Даваадорж МУСТА,
  • Балганы дагуулууд- С.Бат-Эрдэнэ СТА, Л.Болдцэрэн, Б.Монголхүү, Г.Дашчанрав, Э.Мөнхтөр,
  • Хатад -Г.Энхцэцэг МУСТА, Ж.Иймаа,
  • Лам – Н.Төмөрсүх МУСТА,
  • Юндэнгийн дагуулууд – Э.Амарсайн, Б.Энхсайхан МУСТА, УДБЭТ-ийн найрал дуучид, Симфони найрал хөгжимчид оролцоно.

"ҮЙЛИЙН ГУРВАН ТОЛГОЙ" БАЛЕТЫН ДҮРҮҮДЭД:

  • Юндэн (Жирийн ард) -А.Эрдэнэболд МУСТА,
  • Нансалмаа (Юндэнгийн сүйт бүсгүй) – Б.Саруул МУСТА,
  • Хоролмаа (Юндэнд сэтгэлтэй бүсгүй)- Б.Баасансүрэн МУСТА,
  • Балган (Хошуу ноён)-Э.Эрдэнэжаргал МУСТА,
  • Ноён-М.Од МУСТА,
  • Хатан-Э.Ууганцэцэг,
  • Өвгөн сахиул-С.Ганбат МУСТА,
  • Бор охин-Ч.Дүүрэнжаргал,
  • Худалдаачин-Т.Хан-Очир,

Тасалбар суудлын зэрэглэлээс хамааран 10-30 мянган төгрөгийн үнэтэй байх аж.