Улсын гавьяат жүжигчин Г.Урнаа: Миний долли бусдаас өөр

Нийтэлсэн: Админ 2020-09-28 11:31:00
“Анна Каренина” жүжигт гурван эмэгтэйн хувь заяа шийдэгдэж байдаг. Тэдний нэг болох Доллигийн дүрд тоглож байна. Дүрийнхээ болон зохиолын судалгаа их хийсэн. Гадны улс орнуудад ялангуяа Орост “Анна Каренина”-аар хийсэн бүтээлүүдийг үзлээ. Тэнд Доллигийн дүрийг гаргасан байдал жүжигчдийн тоглолт гээд нэлээд их судалгаа хийсэн.
Оросын бүтээлүүдэд Долли олон хүүхэд гаргасан, наснаасаа эрт овор суусан сул дорой нэгэн байдаг. Миний Долли тэднээс өөр. Мэдээж олон хүүхэд төрүүлсэн, нөхөр нь хүүхэмсэг, шоу цэнгээнд дуртай нэгэн. Гэхдээ миний Долли өөрт байгаа зүйлээ хайрлаад бүтэн гэр бүлээ алдахгүйн төлөө амьдардаг бүсгүй. Нөхөр нь нууцаар явсан ч тэр эмэгтэй нөхрөө хүлээж, гэр бүлээ бүтэн байлгахын төлөө бүх тэвчээрээ гаргадаг. Бүтэн гэр бүл гэдэг бол хамгийн чухал зүйл учраас нөхрөө орхиж чадахгүй, эр нөхрөө уучилж чаддаг юманд хүлээцтэй ханддаг тийм л бүсгүй.
Долли дахиад сайн сайхан зүйл болно. Өнөөдөр миний амьдрал бүрхэг байсан ч маргаашийн амьдрал маань гэрэл гэгээтэй байна гэсэн итгэмтгий гэнэн бүсгүйн дүрийг харуулж өгөхийг хичээсэн. Анх зохиолоо уншаад би Доллиг Аннагаас илүү ухаантай бүсгүй гэж харсан. Түүгээрээ дүрдээ хандсан. Найруулагчийн ур чадвар энэ жүжигт их гарч байгаа. Хэдэн зууныг холбож, нэг зуунд шинэ эрин үед бүгдийг харуулж байгаа найруулагчаараа их бахархаж байна.