Хувиблай хаан ба Монгол жанжид үзэсгэлэнд саатаарай

Нийтэлсэн: Javkhlan 2020-09-24 11:38:42
"Хубилай хаан ба Монгол жанжид" үзэсгэлэн өчигдөр Монголын үндэсний музейд нээгдлээ. Эзэн Чингис хаан түүний залгамжлагч алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсний 805 жилийн ой энэ онд тохиож байгаа юм байна. Хубилай сэцэн хаан IV жарны хөхөгчин гахай жилийн намрын эхэн сарын 15-ны хөхөгчин туулай өдөр Хэрлэнгийн ордноо Толуйн их хатан Сорхугтани бэхигээс мэндэлсэн гэдэг. Хубилай хаан эзэн Чингис хааны дараах Монголын хаадын алдар сууг манлайлан дэлхийн түүхэнд тодоор бичигдсэн хаан юм. Энэхүү үзэсгэлэнд Хубилай хаан, Монголын эзэнт гүрний үеийн түүхэн хүмүүс, баатруудын дүр төрхийг сэргээн урласан сонирхолтой лаан баримлууд, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагддаг Юань гүрний үед холбогдох хосгүй үнэт үзмэрээ дээжлэн хүргэж байна. Мөн лаан баримал нь түүхэн бодит хүмүүсийн дүр төрх, нүүр царай, бие бялдрын онцлогийг шингээн бүтээдэг дүрслэх урлагийн өвөрмөц төрөл. Эдгээр лаан баримлууд нь Монголын эзэнт гүрний үеийн түүхэн хүмүүсийн дүр төрх, хувцас, засал чимгийг сэргээн бүтээснээрээ хүүхэд залууст танин мэдэхүйн чухал ач холбогдолтой төдийгүй түүхэн агшинг өнөө цагт амилуулсан мэт бодит мэдрэмжийг төрүүлэхүйц сонирхолтой хэлбэрээр дэглэжээ. Түүхэн хүмүүсийг сэргээн амилуулсан уран бүтээлчийн бүтээл, түүхийн биет дурсгалуудыг нэгэн дороос үзэх таатай боломжийг олгож буй энэ үзэсгэлэнг Мөнх тэнгэрийн цаг ТББ, Чингис хааны лаан баримлын музейтэй хамтран зохион байгуулжээ.

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх