П.Бүрэнтөгс спорт хороог удирдаж буй зургаа дахь аварга

Нийтэлсэн: Админ 2020-09-09 16:20:17
 

 

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд ес даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн П.Бүрэнтөгс ОБЕГ-ын харьяа, “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны даргаар томилогджээ. Өмнө нь аварга Г.Эрхэмбаяр ажиллаж байсан бол отгон аварга П.Бүрэнтөгс “Алдар” спорт хорооны нэр дээр цолоо дуудуулж байв.

Үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх спорт хороог удирдсан нь цөөнгүй бөгөөд дархан аварга Б.Бат-Эрдэнэ “Хүч”, О.Балжинням “Алдар”, Г.Эрхэмбаяр “Аврагч” спорт хороог удирдсан бол өдгөө дархан аварга Г.Өсөхбаяр “Алдар”, аварга Н.Батсуурь “Сүлд”, аварга П.Бүрэнтөгс “Аврагч”-ийг удирдаж байна. “Аврагч” биеийн тамир, спортын хороог 2009 онд Шадар сайдын 08 дугаар тушаалаар байгуулсан юм.

Тус хорооноос төрөн гарсан алдартануудыг нэрлэвэл чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, хүндийн өргөлтийн Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт Г.Анужин, улсын харцага О.Хангай, Д.Анар зэрэг тамирчид бий.

 

Б.Жаргал

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх