Иргэдийн 87 хувь нь цагаан сарыг цуцлах ёстой гэжээ

Нийтэлсэн: Админ 2020-02-10 14:05:00

Яг энэ цаг мөчид Улсын онцгой комисс хуралдаж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцуулга хийхдээ Иргэдийн 87 хувь нь “Цагаан сарыг цуцлах нь зөв” гэж дэмжсэн тухай хэллээ. Эрүүл мэндийн яамны зүгээс цагаан сарыг хязгаарлах шийдвэрийг гаргах хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа юм.

Д.Сарангэрэл сайд “Цагаан сарыг тэмдэглэх талаар олон нийтийн сүлжээнд санал асуулга явуулахад иргэдийн 87 хувь нь “тэмдэглэхгүй байх нь зүйтэй” гэсэн санал өгсөн. Яагаад гэвэл БНХАУ шинэ коронавирус тархахад цагаан сар тодорхой нөлөө үзүүлсэн гэж зарласан. Тиймээс Улсын онцгой комиссоос сар шинийнхээ баярын асуудлыг тодорхой шийдвэрлээд, ард иргэдэд чиглэл өгөх хэрэгтэй болов уу” гэлээ.

Мөн өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх явцад ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Хятад цагаан сар хийж, халдварыг хяналтаасаа алдсан тухай дуулгаж, бид анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй гэх санааг хэлсэн юм. Тэрбээр “Бид хүч сулруулахгүй ажиллах чухал үед ирээд байна. Монгол хүний хууль гурав хоног хэрэгждэг биш, илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь чухал байна. Албан ёсоор цагаан сар тэмдэглэхгүй байх шийдвэр хүн бүхэнд хэрэгтэй байна. БНХАУ цагаан сар хийсэн нь алдаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Цагаан сарын баярын хөдөлгөөн, бөөгнөрөл нь олон мужаар тархах шалтгаан болсон гэж үзэж байгаа. Үүнийг бид бодолцох ёстой” хэмээн анхааруулж байв.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх