Үнэгүй хавдрын шинжилгээнд дараах шатлалаар үзүүлнэ

Нийтэлсэн: Админ 2020-01-07 11:50:05

Хорт хавдар нэг жилд 1 мм-ээр өсөөд таван мм буюу 0.5 см болохоороо тухайн хүнд ямар нэгэн шинж тэмдэг илэрч эхэлдэг. 0.5 мм хүрэхээс өмнө буюу нэг, хоёрдугаар шатанд нь хөнгөн хэлбэрийн эмчилгээнд орох хэрэгтэй байдаг хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг нэг удаа үнэ төлбөргүй хийх боломжийг төр засгаас олгохоор болсон. Уг хуулийн заалт 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа билээ.


Ямар ч хавдрыг нэг, хоёрдугаар шатанд бүрэн эмчлэхгүй бол гурав, дөрөвдүгээр шатны хавдрыг эмчлэх аргагүй болохоор хөнгөвчлөх буюу амь насыг уртасгах эмчилгээ л хийгддэг аж. Эрт илрүүлгээр хяналтад орсон хүнийг өрх, сумын эрүүл мэндийн төв хяналтдаа авч, хөнгөвчлөх, гэрээр эмчилгээ хийх тогтолцоог бүрдүүлж байгаа юм байна. Иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушги, бүдүүн шулуун гэдэсний хавдар гэсэн долоон төрлийн хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахын тулд дараах шатлалаар үзүүлнэ.

1. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд регистрийн дугаараар бүртгүүлэн үзүүлнэ. Тус эрүүл мэндийн төвөөс тухайн хүний нас, эрүүл мэндийн эрсдэлээс шалтгаалаад дараагийн шат руу буюу ямар хавдрын эрт илрүүлэгт орох тухай мэдээлэл өгөх аж. Тодруулбал,

-30-аас дээш насны эмэгтэйчүүд гурван жилд нэг удаа хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээнд орох

-40, түүнээс дээш насныхан элэгний B. C вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа,

-40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа,

-30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа,

-50 болон түүнээс дээш насны иргэнийг уушгиний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулах.

2. Шинжилгээг тухайн сум дүүрэгт байгаа төр, хувийн хэвшлийн магадлан итгэмжлэгдсэн лабораториудад өгнө. Манай улсад магадлан итгэмжлэгдсэн 150 байгууллага байдаг. Жишээлбэл, Орхон аймгийн Онош лаборатори, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, Хөтөл сум дундын нэгдсэн эмнэлэг, Айлфа гэрэл ХК-ийн Гэрэл лаборатори, Сэлэнгэ аймгийн Ханжи-Оч лаборатори зэрэг бий. Насны ангиллаас хамаарч шинжилгээнд орсныхоо дараа шинжилгээний хариугаа аваад өрхийн эмнэлэгтээ үзүүлж, хяналтад орох юм.

3. Шинжилгээний хариунаас хавдар илэрсэн тохиолдолд дараагийн шатны эмнэлэгт үзүүлэх ёстой. Жишээлбэл, Умайн хүзүүний хорт хавдрын нэг, хоёрдугаар шатанд яваа хүн эмчлүүлээд эдгэрэх хүртлээ лавлагаа шатаар явна. Лавлага шат гэдэг нь хоёр, гуравдугаар шатлалын эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийг хэлдэг аж.

4. Өрх, сумын эмнэлэгтээ хяналтад ороод тогтмол үзүүлж байх ёстой. Хавдар илэрсэн хүн тухайн өвчний явцаас хамаараад гурван сард нэг удаа, зургаан сард нэг удаа шинжилгээндээ орох ёстой байдаг юм байна.