78 настай Б.Жалбаа өвлийн олимпийн наадамд өрсөлдөнө

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-24 12:47:54

Австри улсын Инсбрук хотод ахмадын өвлийн олимпийн наадам ирэх оны нэгдүгээр сарын 8-20-нд болно. Гурав дахь удаагийн ахмадын өвлийн олимпод манай улсаас хоккей, тэшүүр, цанын төрөлд 17 тамирчин оролцохоор Хандгайтад бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Монголын баг тамирчдаас хамгийн ахмад нь болох 78 настай Бүжийн Жалбаа гүйлтийн тэшүүрийн 500, 1000, 1500, 3000 метрийн зайд уралдана. Тэрбээр ахмадын өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд Монголын багийн тугчаар оролцохоор болжээ. Монголчууд 1964 онд Австри улсын Инсбрук хотод болсон XI удаагийн өвлийн олимпийн наадамд анхлан оролцоход Б.Жалбаа гуай тэшүүрийн төрөлд өрсөлдөж байсан нь сонирхолтой.

Түүний хувьд 55 жилийн дараа Инсбрукийн тэшүүрийн замд дахин гарах гэж буй энэ. Б.Жалбаа нь Инсбрукийн олимпод оролцохоос гадна 1968 онд болсон Францын Греноблийн өвлийн олимпод эх орныхоо нэрийг гаргаж байсан түүхтэй. Тэрбээр гүйлтийн тэшүүрээр хичээллэхээс гадна үндэсний сурын хүндэт мэргэн, шагайн харвааны спорт мастер цолтой нэгэн. Өнгөрсөн жил Япон улсад болсон гүйлтийн тэшүүрийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн юм. Ахмадын өвлийн олимпийн наадам 2011 онд анх болсон бөгөөд 2015 оны хоёр дахь удаагийн олимпоос манай баг тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байлаа.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх