Уулчин Б.Гантулга Эверестэд авирна

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-17 12:17:35

Дэлхийн дээвэр Эверестийн оргилд Монгол уулчин авирахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Түүний нэрийг Б.Гантулга гэдэг бөгөөд 2008 онд Говь-Алтай аймгийн нутагт орших мөнх цаст Замилаа ууланд анх гарснаар энэ спорт руу эргэлт буцалтгүй орсон. Тэрбээр Алтай таван богд, Малчин найрамдал, Хүйтэн, Цамбагарав, Мөнххайрхан, Барилгачин, Баатархайрхан, Дэлгэрхаан, Мөнхсарьдаг, Их бага богд эзрэг манай уулчдын чадал чансааг зорьсон томоохон оргилуудад амжилттай гараад байна.

2014 онд Эльбрус уулын хоёр оргилыг багийн гурван гишүүний хамт нэг өдөрт амжилттай эзэлсэн нь Монголын уулчдын түүхэнд өмнө гараагүй амжилт юм. Дараа жил нь Өмнөд Америкийн 6962 метрийн өндөр Андын нурууны ноён оргил Аконкагуа, Африк тивийн ноён оргил Килиманжород авирч туршлагаа зузаалж байгаа юм. Одоо түүний хамгийн том зорилго нь ирэх оны гуравдугаар сард уулчин хүн бүрийн хүсэл мөрөөдөл нь болсон 8848 метрийн өндөр Эверест ууланд гарах үлдээд байна. Тэрбээр тус ууланд авирах бэлтгэлээ хэдийнэ эхлүүлсэн аж. Эверест ууланд Монголоос өмнө нь гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа нар амжилттай авирч байсан билээ.

 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх