WADA ОХУ-ын олон улсын спортын тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хасчээ

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-10 11:48:09

Дэлхийн допингийн эсрэг агентлаг WADA-гийн Гүйцэтгэх хороо өчигдрийн хуралдаанаар ОХУ-ын олон улсын уралдаан тэмцээнд оролцох эрхийг дөрвөн жилээр хассан тухай “ВВС” агентлаг уламжиллаа. WADA-гийн Гүйцэтгэх хороо тус шийдвэрийг санал нэгтэй гаргасан байна. Уг шийдвэрийн дагуу ОХУ-ын тамирчид дөрвөн жилийн турш Олимпийн наадам, ДАШТ, олон улсын бусад уралдаан тэмцээнд улсынхаа нэрийн өмнөөс оролцохгүй, түрүүлсэн тохиолдолд төрийн дууллаа эгшиглүүлэхгүй аж.

Үүнээс гадна мөн хугацаанд тус улсад спортын аливаа төрлөөр ДАШТ зохион байгуулах, зохион байгуулах хүсэлт гаргахыг хоригложээ. Ийм хатуу арга хэмжээ авсны гол шалтгаан бол Москвагийн допингийн эсрэг лабораторид тамирчдын үзүүлэлтийг солих, өөрчлөх явдал олон жилийн турш газар авсан нь илэрсэн явдал юм. ОХУ WADA-гийн энэхүү шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах тухайгаа мэдэгджээ.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх