Сонсголын бэрхшээлтэй тамирчид дифлимпийн наадмыг зорилоо

Нийтэлсэн: Javkhlan 2019-12-09 12:15:31

Италийн Вальтеллина хотод энэ сарын 12-21-нд болох өвлийн дифлимпийн XIX наадамд эх орноо төлөөлөн шатрын тав тамирчин, нэг дасгалжуулагч хамт оролцоно. Баг тамирчдыг үдэн гаргах ёслолд БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баттулга нар баг тамирчдад амжилт хүсч, төрийн далбааг гардууллаа. 

Өвлийн дифлимпийн XIX наадамд оролцож буй Монголын багийн ахлагчаар О.Баасан, дасгалжуулагчаар Б.Баяраа, орчуулагчаар П.Мягмарсайхан нар ажиллана. Харин тамирчинаар Ж.Энхбаяр, Ц. Түмэнбаяр, А.Батсуурь, Ц.Алтансүх, Б.Түвшинжаргал нар оролцох юм байна. Шатрын спорт нь дифлимпийн наадамд шинээр орж буй шинэ төрөл.

Монголын дифлимпийн хорооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр: “Юуны өмнө бидэнд үргэлж дэмжиж тусалдаг, тэмцээнд оролцох зардлыг бүрэн шийдвэрлэж өгсөн БТСГ-ын нийт хамт олондбаярлалаа. Манай баг өмнө нь олон улсын тэмцээн уралдаанд оролцож байсан туршлагатай. Бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн. Амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. 

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх