Э.Батбаяр Шүүхийн ерөнхий зөвлөлийг удирдана

Нийтэлсэн: Javkhlan 2019-11-06 11:48:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 199 дүгээр зарлиг гаргаж Энхээгийн Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хүрэлцэн ирж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулсан юм.  

Энхээгийн Батбаяр нь 1980-1990 онд нийслэлийн 10 жилийн 6 дугаар дунд сургууль, 1990-1992-онд ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль төгсжээ. Улмаар 1995-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, хууль зүйн ухааны магистр, 2002-2005-онд ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

Тэрбээр "Түшээ” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш, УИХ-ын гишүүний зөвлөх, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон юм.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн ухааны доктор Энхээгийн Батбаяр "Итгэл үзүүлэн Төрийн өндөр албан тушаалд томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчид талархсанаа илэрхийлье. Мөн Шүүхийн захиргааны тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгож Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд баярлалаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шударга ёсыг баримталж ажиллана гэдгээ хамт олныхоо өмнө илэрхийлье” гэлээ.

0 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх