“Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
Цагдаагийн байгууллагын Хүүхдийн албаны түүхт 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газраас санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2019.10.10/ боллоо.
Хуралд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам болон эцэг эхийн төлөөлөл, сургуулийн нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагын алба хаагч нар оролцож байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхэд гэмт хэрэг зөрчилд өртөж хохирч байгаа шалтгаан нөхцөл, түүнийг арилгах арга зам, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, олон нийтийн оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэлэг санал, санаачлага гаргах, улмаар бодитой ажил болгох зорилготой юм.
Уг эрдэм шинжилгээний хурал нь хоёр үе шаттай явагдаж, нэгдүгээр үе шатанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхэд, залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Улсын ерөнхий прокурорын газрын сургалтын төвийн хяналтын прокурор Г.Оюунболд, Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан нар “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал” сэдвээр илтгэл тавилаа.
Хурлын хоёрдугаар үе шатанд Доктор, профессор гэр бүл судлаач Т.Намжил, Монголын эцэг, эхчүүдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Б.Алтанжолоо, Гэр бүл судлаач, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ, Ю.Бадамханд нар “Хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад бусад байгууллагуудын хэлэлцэх асуудал” сэдвийн хүрээнд хэлэлцэж, санал солилцлоо.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр ажил, арга хэмжээг зохион байгуулахад үр дүнд хүрэхүйц санал, санаачлага гарсан үр дүнтэй хурал боллоо хэмээн оролцогчид дүгнэсэн юм.