Махны үнэ 4700 төгрөг болж буурчээ
Энэ оны долдугаар сарын байдлаар махны үнэ хамгийн дээд цэгтээ хүрсэн гэж хэлэхэд буруутахгүй байх. Тодруулбал, хонины ястай мах 10,110 төгрөг байсан бол цул мах 11,500, харин үхрийн ястай мах 12,500, цул нь 14,800 төгрөг байсан. Тэгвэл адууны ястай мах 9,400, ямааны ястай мах 8,550 төгрөгт хүрсэн байлаа. Ерөнхий сайд махны үнэ буулгахыг танхимын сайдынхаа “толгойтой” ярих хатуухан чиглэл өгснөөс хойш байдал ямар болсныг сонирхлоо.
МАХНЫ ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭ 3000 ТӨГРӨГӨӨР ХЯМДАРЧЭЭ
Мах болон хүнсний ногооны үнэ ханшийг судлахаар хүмүүсийн хамгийн ихээр үйлчлүүлдэг “Хүчит шонхор” захыг зорилоо. Тус зах дээр үхрийн цул махны жижиглэнгийн үнэ 13,500 байсан бол 10,500 төгрөг болж, 3000 төгрөгөөр хямдарсан сайн мэдээтэй угтлаа. Харин хонины ястай мах 8700 байснаа 8000 төгрөг болсон байна. Тэгвэл хонины цул мах 9500-аас 8500 төгрөг болж хямдарсан байв.
Мөн адууны яастай мах 8800 төгрөгөөс 8000 болж буурчээ. “Хүчит шонхор” захын худалдагч Б.Чимгээ “Махны үнэ долоо, долоо хоногоор бууж л байна. Махны үнэ “тэнгэрт тултал” өссөн зургаа, долдугаар сарын үеэ бодвол хүмүүсийн худалдан авалт нэмэгдсэн. Өдөр бүр бүх махаа дуустал зарж байна” хэмээв. Иргэдийн хувьд үнэ тодорхой хэмжээгээр буурч байгаад сэтгэл хангалуун байлаа. Тус захаар үйлчлүүлэгч Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Даваасамбуу “Махны үнэ 3000 орчим төгрөгөөр буурч байгаа нь сайшаалтай. Энэ чигээрээ үнэ өсөхгүй, тогтвортой байгаасай гэж хүсэж байна. Цалин багатай хүмүүст махны үнэ өсч байгаа нь дарамт болдог. Хоёр килограмм мах авах мөнгөөр ганцханыг авдаг байлаа” гэсэн юм.
“НАРАНТУУЛ-2” ЗАХ ДЭЭР МАХ ХАМГИЙН ХЯМД БАЙНА
Тэндээс гараад “Нарантуул-2” захаар орж үнэ судаллаа. Өнгөрсөн тавдугаар сард хонины мах гулуузаар нь авахад 6000-9000 төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар 4700-7500 төгрөг болж буурсан байв. Харин адууны ястай мах 7000, цул нь 8000 төгрөг, хонины ястай мах 6800 бол цул нь 8000 төгрөгөөр худалдаалагдаж байв.
Харин ямааны цул мах 8400, үхрийн цул 8000, гуяны “шулаа” 10,500 төгрөг аж. Тус захын худалдагч С.Сарантуяа “Өнгөрсөн сарын дундуур махны үнэ бууж эхэлсэн. Манайд бусад захыг бодвол мах харьцангуй хямд байдаг. Хүмүүсийн мах худалдан авах чадвар төдийлөн сайн биш учраас хамгийн ихдээ 10 килограммыг авдаг. Ихэнх нь 2-4 килограммаар л авна. Өглөө эрт ирээд бужигналдаад дуусдаг” гэв. Тус зах дээр махны үнэ хямд гэдгийг хүмүүс мэддэг бололтой. Цөөхөн лангуу махтай байгаа харагдав.
ХҮНСНИЙ НОГОО 200-1000 ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ
Харин хүнсний ногоо “Хүчит шонхор” зах дээр энэ сарын 2-ны өдрийн үнийн судалгаатай харьцуулахад 200-1000 төгрөгөөр буурсан байлаа. Тухайлбал, төмс 600, лууван, байцай 1000, манжин 1500, сонгино 2500 төгрөгийн үнэтэй байсан юм. Ногоо зарж байсан 30 орчим насны нэгэн эмэгтэй “Ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад хамаагүй хямд байгаа. Олон килограммаар нь авбал бүр хямд өгнө” гэв. Энэ жил хүнсний ногооны үнэ буухгүй байгаа болохоор тэр үү, үйлчлүүлэгч багатай байлаа.
Ногоо зарж байгаа хүмүүс хийх зүйлээ олж ядан, дэмий л утсаа “маажиж” сууна. Ногооны үнэ сонирхож буй хүмүүсийг “Манайхаас хямд үнээр аваарай” хэмээн дуудаж байв. “Нарантуул-2” захын нөхцөл байдал мөн ялгаагүй.
Харин өвлийн идэшний үеэр ченжүүдэд хүнсээ “хураалгаж”, зохиомол хомсдолд үнээ ташуурдуулах эрсдэлээс сэргийлэхийн тулд төрийн бодлого чиглэх ёстой билээ.
Хөл хөдөлгөөн цөөнтэй, нам гүм байсан юм. Үнийн хувьд “Хүчит шонхор” захаас 100-200 төгрөгийн илүү байсан юм. “Хүмүүс хүнсний ногооны үнэ буухгүй, үнэтэй байна гэдэг. Гэтэл ногоо тарьж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг ерөөсөө үнэлдэггүй. Ногооны үнэ буухгүй байх шалтгаан байдаг. Тухайлбал, Дарханы замаас болж машин техник эвдрэх, үүнээс болж зардал их гардаг. Тийм хэцүү замыг туулж ирсэн хүн ногоогоо бага үнээр зарвал алдагдал үүснэ. Үүнээс илүү үнэ буух боломж байхгүй” хэмээн ярилаа.
Харин “Гацуурт”-ын нэрийн дэлгүүрт хүнсний ногоог хамгийн хямд үнээр зарж байв. Тухайлбал, төмс 400, хүрэн манжин 700, харин шар нь 800, лууван 650, сонгино 1650 төгрөг гэж байсан юм. Хүмүүс ч ийм хямд үнэтэйг мэддэг бололтой, шуудай шуудайгаар нь хүнсний ногоо авч байгаа харагдана. “Үнэ хямд, чанартай учраас үйлчлүүлэх дуртай” хэмээн үйлчлүүлэгчид нь ам сайтай байв.
Ийнхүү хүнсний ногоо, махны үнэ хямдарсан нь бүсээ чангалж буй иргэдийн хэтэвчид тодорхой хэмжээний хэмнэлт үзүүлж байгаа нь сайшаалтай. Баян намрын улиралд элбэгшсэн хүнсний хүртээмжээ дагаад зах зээлийн хуулиар үнэ хямдарч байна уу, эсвэл салбарын сайд нь толгойгоороо хариуцсан учраас махны үнэ буурав уу гэдгийг олон нийт ойлгож байгаа. Харин өвлийн идэшний үеэр ченжүүдэд хүнсээ “хураалгаж”, зохиомол хомсдолд үнээ ташуурдуулах эрсдэлээс сэргийлэхийн тулд төрийн бодлого чиглэх ёстой билээ.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ