Прокурорууд хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт, яриа таниулга
Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан “Цагаан тахал” хэмээн нэрлэгддэг Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оныхоос 78 хувиар өсч, холбогдсон этгээдүүдийн 50-иас дээш хувийг 16-35 насны хүмүүс эзэлж, энэ гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд, оюутан, сурагчид нэлээдгүй өртөж байгаа нь нийгэмд тулгамдсан асуудлын нэг болж байгаа билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор баталсан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Прокурорын байгууллагаас энэ онд дэвшүүлсэн “Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх.. энэ ажилд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах” зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Нийслэлийн прокурорын газраас иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэхэд анхаарч цөөнгүй ажлуудыг санаачлан явуулж байна. Тухайлбал: “Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой зөрчил, гэмт хэргийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр он гарснаас хойш 14 их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад, мөн албан байгууллагуудад очиж, сургалт, яриа таниулгыг явуулсан байна.
Шинжлэх Ухаан техникийн их сургуулийн Барилга архитектурын сургууль, Нийгэм сэтгэл судлалын дээд сургууль, Соёл Эрдэм дээд сургууль, Зохиомж дээд сургууль, Аврага дээд сургууль, Монгол-Солонгосын политехник коллеж, Шинэ Эрин ахлах сургууль, “Гётё” бүрэн дунд сургууль, Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Нийслэлийн 1 дүгээр сургууль, ерөнхий боловсролын 52 дугаар сургууль, Монгени цогцолбор сургууль, мөн Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн архивын газар, Нийслэлийн онцгой байдлын газарт тус тус зохион байгуулагдсан сургалт, яриа таниулгад нийт 880 орчим оюутан, сурагч, багш, албан хаагчид хамрагджээ.
Сургалтаар хар тамхи болон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хэрэглээ, түүний хор хөнөөлийг таслан зогсооход хүн бүрийн сэтгэл, зүтгэл, оролцоо чухал байгааг онцолж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, хэрэглэвэл хуулийн ямар хариуцлага хүлээх, хэрэглэхгүй байхын тулд хувь хүн өөрийгөө хэрхэн хамгаалж, ямар арга хэмжээ авах талаар сургалт, яриа таниулга явуулсан.
Мөн сургалтын явцад Нийслэлийн прокурорын газраас “Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа”, “Хар тамхины эсрэг”, “Эрүүл аюулгүй нийгмийн төлөө хамтдаа” сэдвээр бэлтгэсэн сурталчилгааны материалыг тарааж ажилласан байна. Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.