Хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн хос амиа алджээ
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт наймдугаар сарын 30-ны өдөр 29 настай эрэгтэй Ч, 27 настай эмэгтэй О нар мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэн хордлогод орсон байдалтай нас барсан байжээ. Хэргийн газраас эд мөрийн баримтаар мөнгөн дэвсгэрт гурван ширхэг, тунгалаг шингэн 100 грамм, хар өнгийн нунтаг бодис зэргийг хураан авчээ.
Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм. 2016 оны есдүгээр сард 18 настай залуу хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад амиа алдсан хэрэг мөн гарсан юм.
2019 он гарсаар Хар тамхитай тэмцэх газраас 130 холбогдогчтой 67 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байна.