Хар тамхины хэргээр баригдсан гадаад багш клубд DJ хийдэг байжээ
Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид уржигдар /2019.09.16/ 06.45 цагт гүйцэтгэх ажиллагаа явуулан Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С-ийг баривчилсан билээ.
Тэрбээр биедээ хар тамхины төрлийн бодистой явсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн байна. Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн иргэн ажлын байран дээрээ буюу сурагчдад хичээл зааж байх үедээ мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг байсан байх магадлалтай аж. Түүнийг "Royal academy"-тай албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулан багшлах гэж байсан гэх мэдээлэл бий. Үүнээс гадна хамгийн ноцтой нь тэрбээр 2016 онд манай улсын гадаад хэлний сургалттай, өндөр төлбөртэй хувийн сургуульд багшаар ажиллаж байжээ.
Гадаад иргэнийг баривчлахад DJ-ний хэрэгсэл, нөүтбүүк, чихэвч зэрэг тоног төхөөрөмж, мөн олон тооны бэлгэвч, бэлгийн чалх сайжруулах эмүүд байжээ. Уг гадаад улсын иргэнд холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд Шүүхээс “хилийн хориг тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэний зорчих эрхийг хязгаарлан гэмт хэргийн шинж, үйлдлээс нь шалтгаалан 1-12 жил хүртэлх хорих ялаар шийтгэдэг. Хэрэг шүүхээр бүрэн шийдвэрлэгдээгүй учраас тухайн этгээдийн зургийг олон нийтэд дэлгэхээс холбогдох байгууллагууд татгалзаж буй. 2019 оны есдүгээр сарын байдлаар гадаад иргэд Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан 17 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа аж. Үүнээс 11 хэрэг нь Тайланд, Нидерланд, Герман, Испани, БНХАУ, АНУ зэрэг улсуудаас олон улсын шуудан илгээмж ашиглан үйлдэгдсэн байна.