Д.Эрдэнэсүрэн: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн наадам зохион байгуулна

Нийтэлсэн: Админ 2019-08-25 12:01:05
 

 

Хүүхдийн спортын VI наадам 10-аадхан хоногийн дараа эхэлнэ. Энэ удаагийн наадмын шигшээд 21 аймаг, есөн дүүргийн 4500 гаруй өсвөрийн тамирчин оролцох аж. Тэгвэл уг тэмцээний талаар БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэнтэй ярилцлаа.


-Монголын хүүхдийн спортын зургадугаар наадмын шигшээ тэмцээн эхлэх гэж байна. Тэмцээний бэлтгэл ажил ямар шатанд явна вэ?

-Зургаа дахь удаагийн наадам өнгөрсөн хавар эхэлсэн.  Тэмцээн гурван үе шаттайгаар явагдсан. Эхлээд сургуулиаса шалгарна, улмаар аймаг, дүүргийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцсон. Ингээд эндээс шалгарсан 4500 гаруй тамирчин Улаанбаатар хотод үндсэн 19, сонгох долоон төрлөөр өрсөлдөнө. Спортын төрлүүдээ сонгохын тулд орон нутгаас санал авсан юм. Нэг ёсондоо наадмын хөтөлбөрт багтсан төрлүүдийг өөрсдөө мэдэж сонгоогүй гэсэн үг. Энэ удаагийн наадамд 400 гаруй сургуулийн 40 мянга орчим хүүхэд  хүүхэд хамрагдсанаараа онцлогтой. Оролцогчдын тоо өссөн нь хүүхэд багачууд спортоор хичээллэх нь нэмэгдсэнийг харуулж байна. Наадмын бэлтгэл ажил үндсэндээ 90 хувьтай байгаа. Тэмцээн уралдаан зохион байгуулах заал, танхимууд бэлэн болсон.

-Наадмын ач холбогдол, зорилгын талаар  тодруулахгүй юу?

-А/77 дугаар тушаалын дагуу  зургаадугаар наадмыг зохион байгуулж байна. Энэ тушаалын хүрээнд Монголын өсвөр үеийн ур чадвартай тамирчдын нээн илрүүлэх, дараа үеийн өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэхэд наадмын зорилго оршиж байна. Өсвөр насны хүүхдийг спортод уруу татна гэдэг эрүүл саруул өсч торниход ач тустай. Багийн спортоор хичээллэнэ гэдэг хүүхдийг  багаар ажиллах сэтгэхүйд сургадаг том давуу талтай.  Зөв иргэн болж төлөвшихөд  нь эхний алхмыг нь хийж байна гэсэн үг.

-БСШУСЯ-наас ач холбогдол өгч зохион  байгуулж байгаа юм байна. Амжилт үзүүлсэн хүүхдүүдийг ямар шагнал урамшуулал хүлээж байна вэ?

-Түрүүлсэн тамирчин хүүхэд  600 мянган төгрөг, алтан медаль хүртэнэ. Ингэхдээ үндсэн төрлүүдэд медаль хүртсэн тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгох юм гэдгийг онцолж хэлье. Мөн ач холбогдол өгч амжилттай оролцсон байгууллагуудыг нэгээс гурав хүртэлх байр эзлүүлж шагнал урамшуулал гардуулна. Аймгуудаас ч ялгаагүй. Энэ наадмаар спорт холбоодын үйл ажиллагааг дүгнэдэг.

-Шалгарсан тамирчдын ямар тэмцээн хүлээж байна вэ?

-Ирэх жил “Азийн хүүхдүүд 2020” хүүхдийн спортын наадам болно. Үүнд оролцох тамирчдыг энэ тэмцээнээс шалгаруулна. Олимп, дэлхийн аваргуудын залгамж халаа уг наадам оролцох өсвөрийн тамирчдын дунд л бий. 2024, 2028 оны олимпийн наадамд оролцох хойч үеэ л бэлтгэж байна гэж ойлгож болно. 10-17 хүртэлх насны тамирчид хамрагдаж байна. Энд нэг зүйлийг орхигдуулж болохгүй. Үндсэн төрлөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн наадамтай. Пара, дифлимп, тусгай олимпийн төрлөөр бас явуулах юм.

-4500  тамирчны байрлах орон байрны асуудал байна. Үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Журмаараа зохицуулсан байдаг. Тамирчдын зардал мөнгө, байрлах орон сууцны асуудлыг орон нутаг хариуцдаг. Бид тэмцээн зохион байгуулах заал талбайн асуудлыг хариуцдаг. Тамирчид хотод байх хугацаандаа нийтийн унаагаар мандатаа үзүүлж үнэ төлбөргүй зорчино. Мөн Улаанбаатарт ирж буй хүүхдүүд Үндэсний түүхийн болон байгалийн музей үзэх боломжтой. Зургадугаар их наадам “Мөрөөдлөө хуваалцаж, ирээдүй рүү тэмүүлье уриан дор” зохион байгуулагдаж байгаа. Өмнөх наадмуудад хүүхдүүдээ нэгдсэн журмаар “Найрамдал” зусланд байрлуулдаг байсан ч энэ удаа өөрчлөгдсөн.

-Дотоодын наадмуудыг зохион байгуулах хугацааны бага зэрэг өөрчлөлт гарсан гэж сонссон. Энэ талаар товч мэдээлэл өгөх үү?

2009 онд батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулинд Монголын бүх ард түмний спартакиад, оюутны спортын наадам, үндэсний спортын наадам, хүүхдийн спортын наадам зохион байгуулна гэж тусгасан байдаг. Энэ дагуу дөрвөн жил тутамд болдог байлаа. Гэтэл сая Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэгдсэн. Ингээд ОУОХ-ны ивээл дор зохион байгуулагдаж буй тив, дэлхийн наадмуудын мөчлөгт нийцүүлэн үндэсний хэмжээний наадмуудаа зохион байгуулна гэж тусгасан байгаа юм. Тэр утгаараа энэ заалтдаа нийцүүлээд 2018 оны Засгийн газрын 183 дугаар тогтоолыг баталсан. Ингэснээр дээрх дөрвөн наадмыг олон улсын наадмынх циклтэй уялдуулаад зохион байгуулахаар болсон. Үүний дагуу энэ жил хүүхдийн спортын наадмаа гурван үе шаттайгаар явуулж байна.

Нэг жишээ хэлье. Бүх ард түмний спартакиадыг олимпийн жилтэй давхцуулж хийдэг байлаа, өмнө нь. Тэгэнгүүт давхцал гараад олимпийн эрх авсан тамирчид маань бэртэл гэмтэл авахаас сэргийлж дотоодын наадамдаа оролцуулахгүй байх тохиолдол гардаг. Тиймээс зөрүүлэх шаардлага тулгарсан. Ингээд ОУОХ-ны ивээл дор болж буй наадмуудтай уялдуулахаар болж байна. Түүнчлэн өвөл, зуны наадмаа хамтад нь хийдэг байснаа болиод салгасан. Тухайлбал, 2019 онд хүүхдийн спортын наадмын өвөл, зуны төрөл, бүх ард түмний спартакиадын өвлийн төрлийг зохион байгуулахаар товлосон байна. Хүүхдийн спортын наадмыг зохион байгуулах болсон шалтгаан нь 2020 онд болох залуучуудын олимптой холбоотой юм. Өөр нэг зүйл сонирхуулж хэлэхэд дотоодын томоохон тэмцээн, наадмыг зохион байгуулахдаа сонгон шалгаруулалт хийдэг болж байна. Ингэснээр орон нутагт томоохон бүтээн байгуулалт өрнөж, тухайн аймагт хөрөнгө оруулалт нэмэгдэх юм. Дээрээс нь орон нутагт байгаа хүүхэд багачууд Монголын алдартай тамирчдаасаа үлгэр дууриал авна. Спортод хандах хандлага өөрчлөгдөнө, тухайн орон нутагт маш том сурталчилгаа болно. Бүх ард түмний спартакиад зохион байгуулах аймгийг зургаан жилийн өмнө, хүүхэд болон оюутны спортын наадам зохион байгуулах аймгийг дөрвөн жилийн өмнө шалгаруулна.

-Эрдэнэт, Дарханыг эс тооцвол бусад аймаг бүх ард түмний спатаркиад зохион байгуулна гэхээр санхүү, чадамжийн хувьд хэр байх бол. Бас спортын бүтээн байгуулалт?

 

-Зургаан жилийн өмнө сонгон шалгаруулаад, эрхийг нь өгчихвөл болно. Яг л олимп, тивийн наадам шиг. Бүх ард түмний спартакиад зохион байгуулах эрх авахын тулд тодорхой шалгуур хангах ёстой шүү дээ. Тэр шалгуурт спортын бүтээн байгуулалт, санхүү, тамирчдыг хүлээж авах буудал, үйлчилгээний газар гээд олон зүйл багтдаг. Энэ бүхнийг цогцлоож чадна гэсэн аймагт л эрхийг нь өгнө. Ер нь бол ингэснээр орон нутгийн хөгжилд бодит өөрчлөлт гарна.