ЗУУН АЙЛ ОРЧМЫН ХЭСГИЙГ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БОЛГОНО
ЗУУН АЙЛ ОРЧМЫН ХЭСГИЙГ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БОЛГОНО
Зуун айл дахь төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.
Хуралдаанаар Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлж, долдугаар сард дуусгахаар хэлэлцжээ. Нийт 3.4 тэрбум төгрөгийн өртгөөр барих II зэрэглэлийн уг замыг ашиглалтад оруулснаар орчны тохижилт болон авто замын техник ашиглалтын түвшин сайжирч, нэвтрүүлэх чадвар нэмэгдэх юм байна.
Түүнчлэн нийслэлийн арван цэгт авто замын огтлолцол салгах гүүр барихаар төлөвлөснөөс хоёрыг нь Зуун айл орчимд барихаар төлөвлөсөн бөгөөд уг хэсгийн тохижилтыг сайжруулж, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн орон сууцны хороолол болгохоор нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ.