С.Зоригийг хөнөөсөн хэргийн газраас олдсон ДНХ-гийн эзнийг Интерполоор эрэн сурвалжилж байна
Сүүлийн үед Монголын улс төрийг далдаас бужигнуулж буй нэг асуудал нь1998 оны аравдугаар сарын 2-нд С.Зоригийг хөнөөсөн хэрэг болжээ. Уг хэргийг үйлдсэн, захиалсан этгээдүүд нь ил бололгүй 26 жил өнгөрсөн. Нэг удаа 2017 онд эцэслэсэн ч, тэгэхдээ бусдыг эрүүдэн шүүж, хилсээр хүлээлгэсэн болж таарсан. Тухайн үед С.Зориг агсны дүү С.Оюун “...Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс НПГ-т хандан гаргаж, мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм. Шүүх хуралдаанд хохирогч бидний өмгөөлөгч оролцож, байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна” гэсэн мэдэгдлийг хийж байв. Энэ үнэ байж таарсан. Сүүлд тэр нь ёсоор болж, өдгөө Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэх хоёр хүн эрүүдэн шүүлтийн хохирогч болсон нь тогтоогдоод байна. Нөгөө талд тагнуулын хэдэн гүйцэтгэх ажилтан ял авсан.
Ингээд энэ хэргийг дахиад шинээр шалгах нөхцөл байдал мөрдөх байгууллагынханд үүссэн.
Гэхдээ өнөөгийн хууль хяналтынхан, мөрдөх байгууллагынхан уг хэрэг дээр арай өөр маягаар ажиллаад байх шиг байгаа юм.
Тэд С.Зоригийг хөнөөсөн этгээдийг хэн нэгний амаар хэлүүлэх биш, нотлох баримтаар тогтоохыг оролдоод байгаа нь өнгөрсөн жилээс анзаарагдах болсон. Үе үе хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээлэл гардаг ч хууль хяналтынхан тодорхой зүйл хэлдэггүй байв. Тэгж байгаад 2024 оны тавдугаар сард ЦЕГ-аас мэдээлэл хийсэн. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Энхтөр “...Эрүүгийн 830142 дугаартай С.Зориг бусдад хутгалуулж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНХ шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж, эд мөрийн баримтуудаас ДНХ мэдээлэл тогтоосон. Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч ийнхүү анх удаа ДНХ мэдээлэл шинээр тогтоогдож байгаа юм. Энэхүү ДНХ мэдээлэл нь урьд өмнө С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан бусад хүний ДНХ мэдээлэлтэй тохироогүй. Өөрөөр хэлбэл, ДНХ мэдээлэл нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэж мэдэгдсэн юм. АНУ руу илгээж шинжлүүлсэн дээрх үснүүдийг 1998 оны аравдугаар сарын 3-нд буюу уг эмгэнэлтэй явдлын маргааш хэргийн газраас, талийгаачийн хувцаснаас авсан гэдэг мэдээлэл бас яригддаг.
Улмаар тухайн үед хэргийн газарт байсан асаагуур, үдээс, даавуу, хувцас, сүх, нүдний шил зэрэг дээрээс олдсон ДНХ мэдээллүүдийг эндээ, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ДНХ шинжилгээний лабораторид шинжлүүлсэн байна. Эдгээрээс талийгаачийн нүдний шил дээрээс олдсон ДНХ шинжилгээний дүгнэлт нэлээд “асуудал”-тай гарсан тухай эх сурвалжууд мэдээлсэн.
Түүний дараа улс төр далдуур дахин бужигнаж, энд тэнд уулзалдаад эхэлсэн байдаг.
Тэгвэл АНУ-д шинжлүүлсэн үснээс илэрсэн ДНХ мэдээлэлтэй холбоотой эрэн сурвалжлах ажлыг манай улсын мөрдөх байгууллагууд эхлүүлсэн байна. Тодруулбал, үснүүдээс илэрсэн ДНХ мэдээллийн эзнийг олохоор Интерполтой хамтарч ажиллаад эхэлжээ. Тэдгээр улсууд өөрсдийн ДНХ мэдээллийн сан, бусал байдлаар манай улсаас очсон мэдээллийг тулгах, нягтлах, илрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, С.Зоригийг хөнөөсөн хэргийн газраас олдсон ДНХ-гийн эзнийг Интерполоор эрэн сурвалжилж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД