УИХ-д өвдөг шороодчихоод НИТХ-д “дэвэх” нь зөв үү?
Улаанбаатарт Монголын хүн амын талаас илүү нь амьдардаг. Энэ бол ул болсон мэдээлэл л дээ. Гэхдээ ийм учир шалтгааны үүднээс Засгийн газрын хэрүүл уруул болж батлуулсан төсөв өндөртэй төслүүдийн нэлээд Улаанбаатарт хэрэгжихээр болоод байгаа юм.
Утаа, түгжрэл гээд Улаанбаатарын зовлон их ээ. Чухам түүнээс салах гол шийдэл НИТХ дээр явагддаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод уялдуулж, нийгмийн бүхий л үйлчилгээг 20 минутын дотор авах хүний төлөө шинэ стандарт бүхий “амьд” хот төлөвлөлтийн цогц шийдэл бүхий “Нийслэл хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040”-г боловсруулж, УИХ-д энэ ондоо багтааж өргөн барихаа Ерөнхий сайд ээлжит бус чуулганд хэлсэн.
Тэрбээр …Нийслэлийн төвөөс Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал хүртэл 20 минутын дотор очдог байх шаардлагатай. Ингэхийн тулд хотын төвөөс Хүрхрээгийн ам хүртэл “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр барьж, Хүрхрээгийн амнаас нисэх буудал руу шууд очих Хөшигийн хөндийн хос урсгалын туннел байгуулахаар энэхүү хөтөлбөрт тусгалаа. Улаанбаатар хотын замуудыг хооронд нь холбох “Шинэ тойрог авто зам”-ын төслийг хэрэгжүүлнэ. Энэ бүтээн байгуулалтыг Туул хурдны замаар эхлүүлэх болно. Богдхан уулыг тойрч Тэрэлж, Налайх, Майдар хот, Зуун мод хот, Хөшигийн хөндий, Аргалант-Эмээлт хот, Жаргалант, Рашаант хотыг холбосон “Шинэ их Тойруу” хурдны авто зам, эсвэл хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэх төслийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах зардлыг төсвийн тодотголд тусгасан.
Нийслэлээс санаачилсан Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км “Метроны нэгдүгээр шугам”-ыг ашиглатад оруулах төслийг Засгийн газар дэмжин ажиллаж бодит ажил болгоно.
Нийслэл Улаанбаатар хотыг Төвийн бүс нутагт Хөшигийн хөндийгөөр дамжуулан тэлж, улсын төв цэгт байрлах эртний нийслэл Хархорум хотыг сэргээн босгох ажлыг зохион байгуулна.
Үндэсний баялгийн сангаар дамжуулан үндэсний орон сууцжуулалтын хөтөлбөрийг Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан эрчимжүүлнэ. Энэхүү шинэ суурьшлын их бүтээн байгуулалтыг манлайлж, хувийн хэвшлийг хөгжүүлэхийн тулд Засгийн газрын байгууллагуудыг бүсчлэн байршуулах ажлыг үе шаттай зохион байгуулах болно” гэчхээд байгаа юм.
Тэгвэл эдгээр төслүүд, бүтээн байгуулалтууд хэрэгжих эсэх нь НИТХ-тай шууд холбоотой. Яг эдгээрийг үүнийг газар дээр нь гардаж хэрэгжүүлэх НИТХ-ын сонгууль удахгүй болох гэж байна. Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ СЕХ-нд бүртгүүлж, олон нийтэд зарлалаа. Эндээс нэг зүйл харагдав. Шулуухан хэлэхэд энэ удаагийн НИТХ-ын сонгуульд намууд УИХ-ын сонгуулийнх шиг ач холбогдол өгсөнгүй. Сулдуухан хүмүүс нэр дэвшүүлсэн харагдана.
Уг нь орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулиас өмнө явуулбал чанга нэр дэвшигчидтэй, жинхэнэ өрсөлдөөнтэй сонгууль болох байв. Улс төрийн онолчид ч энэ талаар “…Тухайн нам орон нутгийн сонгуульд амжилттай оролцвол анхан шатны байгууллагаа төлөвшүүлэн бэхжүүлэхэд нь чухал ач холбогдолтой. Цаашлаад, тэр намын орон нутаг дахь байгууллагын үйл ажиллагаа тогтворжиж, дараагийн сонгуульд ялалт байгуулахад амин чухал ач холбогдолтой. Гэтэл УИХ-ын сонгууль түрүүнд нь болсноор ялсан нам орон нутгийн сонгуулиас үл хамаараад өөрийн боловсон хүчнийг байршуулчихдаг. Ингэхээр орон нутгийн сонгуулийн дүнг бодитой гэхэд хэцүү” гэж тайлбарладаг. Өөр “хувилбар”-ууд ч бий. Ер нь орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулиас өмнө явуулах талаар олон талаас нь хэлж ярьдаг. Гэвч сонгуулиудын хууль өөрчлөгддөг ч орон нутгийн сонгууль УИХ-ын сонгуулийн дараа болдог нь хэвээр үлддэг.
Орон нутгийн сонгуулиуд 1996 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, 2007 оны Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хууль, 2012 оны Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, 2015 оны Сонгуулийн тухай хуулиар явагдаж ирсэн. Энэ удаад Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар зохион байгуулна. Дээрх агуулгын тухайд 2016 оны хавар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Р.Эрдэнэбүрэн нар “...Орон нутгийн сонгуулийг УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө явуулах нэмэлт өөрчлөлтийг Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя” гэсэн санаачилгыг гаргаж байв. Тэгэхдээ “…Орон нутгийн удирдлагыг сонгох үйл ажиллагаа УИХ-ын сонгуулийн дараа болдог нь хөдөө, орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд сул хүмүүс очих үндсэн шалтгаан болдог” гэж байсан юм.
Дээрээс нь, “...Лам олдохгүй бол буцахдаа зална” гэдэг шиг УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон хүмүүс орон нутгийн сонгуульд “дэвээд” гараад ирдэг. Энэ нь улс төрийн намуудад, тэр дундаа анхан дунд шатанд ажиллаж зүтгэж ирсэн гишүүдэд нь таалагддаггүй. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд улс төрийн намуудын нэр дэвшүүлж байгаа байдлыг харахад ч УИХ-аас унасан хүмүүс нэр дэвшиж байгаа явдлууд байна. Тухайлбал, МАН-аас Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар, НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг, АН-аас Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт зэрэг УИХ-ын сонгуульд унасан хүмүүс нэр дэвшиж байна. Тэгэхээр “УИХ-ын сонгуулийн дараа” гэсэн цаг хугацаанаас болоод тодорхой зөрчил үүсгэдгийг хууль тогтоогчид анхаарах цаг болсон. Эс тэгвээс УИХ-ын сонгуулийн тогтолцоог яаж ч сайжруулаад орон нутгийн сонгууль шударга явагдах эсэх эргэлзээтэй болчихоод байгаа юм. Одоо хараарай, УИХ-ын сонгууль яаж шийдэгдсэн, орон нутгийн сонгууль адилхан л дүнтэй гарна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД