Сонгуулийн ХУАНЛИ

Нийтэлсэн: Админ 2024-04-17 14:45:47

 

УИХ-ын ес дэх удаагийн сонгууль болоход 80 хоног үлдээд байна. Сонгуулийн туха хуулийг шинэчилснээр энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах буюу УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгох юм. Харин сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэлд 6 нийт 13 тойрогт нэр дэвшигчид өрсөлдөнө. Ингээд цаашид өрнөх сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хуульд заасан цаг хугацааны хуваарийг хүргэж байна.


  • Дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө аймаг нийслэлийн сонгуулийн хороо байгуулна

СЕХ санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулна. Ингэхдээ тухайн аймаг, нийслэлийн ИТХ-аас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон тав, эсхүл долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нийтэд мэдээлэх хуультай.

  • Дөрөвдүгээр сарын 21-нээс өмнө гадаадад байгаа иргэдийн санал авах комисс байгуулна

СЕХ гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг харгалзан гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комисс байгуулна. Комиссыг гадаадад санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга болон ес, эсхүл арван нэгэн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

  • Дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө нам эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлнэ

Нам, эвсэл Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай зөвхөн нэг хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

СЕХ сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

  • Тавдугаар сарын 14-нд нэр дэвшүүлэх үйл ажиллагааг эхлүүлнэ

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана.

  • Зургаадугаар сарын 10-нд нэр дэвшигчийн үнэмлэх олгоно

СЕХ нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргана.

Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.

  • Дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө аудитын дүгнэлтийг СЕХ-нд хүргүүлнэ

Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайланд хийсэн дүгнэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

  • Тавдугаар сарын 26-наас өмнө аудитын дүгнэлтийг СЕХ-нд хүргүүлнэ

Төрийн аудитын дээд байгууллага нь бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр энэ хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх талаарх дүгнэлтийг санал авах өдрөөс 33-аас доошгүй хоногийн өмнө гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

  • Дөрөвдүгээр сарын 29-нөөс иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоон

Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ. Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.

  • Зургаадугаар сарын 10-наас сурталчилгааг эхлүүлнэ

Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.

  • Зургаадугаар сарын 20-23-нд гадаадад байгаа иргэдээс санал авна.
  • Зургаадугаар сарын 28-нд Монгол орон даяар санал хураалт явуулна.