Б.Баттүшиг, Н.Цэлмүүн хоёрын хэн нь улс төрд орох вэ?
УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрог томсож, гишүүдийн тоо нэмэгдсэн. Үүнээс болж “…Шинэ залуу улстөрчдөд халтай” гэдэг яриа улс төрийн хүрээнд гараад байгаа юм. Гэхдээ энэ өрөөсгөл дүгнэлт байх талтай. Харин ч боловсролтой, чадалтай залууст боломж үүсгэхээр байна. Хэдийгээр энэ сонгуульд нам, эвслүүдээс нэрээ дэвшүүлж өрсөлдөх улстөрчид хараахан тодорхой болоогүй ч улстөрчдийн хувийн шийдвэрүүд хэдийнэ гарчээ. Нэг хэсэг нь нэр дэвших тойрогтоо ил тодорхой ажиллаад эхэлсэн.
Нөгөө хэсэг нь байдлыг ажиж, эсвэл улс төрийн хүчнүүдээс гарах албан ёсны шийдвэрийг хүлээж буй бололтой байна. Ямартай ч хэдхэн сарын дараа бүрэлдэх УИХ-д шинэ залуу улстөрчид цөөнгүй орж ирэх магадлалтай. Ийм залуусын тоонд Б.Баттүшиг, Н.Цэлмүүн нар зүй ёсоор багтана. Гэр бүлийн энэ хосод УИХ-д өрсөлдөх боловсрол, чадал бий. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшиг өдгөө МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажилладаг. Чикагогийн их сургуульд Эдийн засгийн чиглэлээр баклавр, Харвардын бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Б.Баттүшиг аавынхаа үүсгэн байгуулсан “Алтай холдинг”-ийн ТУЗ-ийн дарга, “Скайтел”-ийн ТУЗ-ийн дарга, “Скай хайпермаркет” ХХК /Имарт Монгол/-ийн ТУЗ-ийн даргаар тус тус ажилладаг. “Алтай холдинг”, “Скай хайпермаркет”, “Баттүшиг ба Цэлмүүн”, “БДБ трейдинг”, “Үнэт продакшн” компаниудын хувьцааг эзэмшдэг. Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, Лондон дахь Morgan Stanley хөрөнгө оруулалтын банкны металл болон уул уурхайн шинжээчээр ажиллаж байсан.
Түүний эхнэр Н.Цэлмүүн мөн л аав Н.Нямтайширынхаа үүсгэн байгуулсан МАК ХХК-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, бодлогын зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Тэрбээр Индиана мужийн Валпарайсо их сургуульд Бизнесийн удирдлага, Стэнфордын их сургуулийн Санхүүгийн инженерийн хөтөлбөр, Харвардын бизнесийн сургуулийн Гүйцэтгэх удирдлагын хөтөлбөрийг төгссөн. Н.Цэлмүүн нь МАК ХХК-ийн Төмөр замын газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж, хожим нь Худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн газрын захирал, Худалдаа, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр дэвшиж ажилласаар өнөөдрийн албан тушаалд хүрсэн. “МАК Евро цемент” ХХК, “Хүрэн толгой коал майнинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, “Хас банк” ХХК, “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК, “Премиум бьюлдинг материалс” ХХК, “Хүннү эйр” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг. Тэрбээр “Баттүшиг ба Цэлмүүн”, “ЦОНЖЭ”, “Тэгштайшир”, “Тэгш буян”, “Триквест”, “Монгол сийлбэр”, “Амар асар”, “Үнэт продакшн” компаниудын хувьцааг эзэмшдэг.
Мөн тэдэнд улс төрийн боломж нь ч бий. Яагаад гэхээр Б.Баттүшигийн аав Сү.Батболд нь МАН-д нөлөөтэй. МАН-ын дарга асан, Ерөнхий сайд асан эрхмүүдийн Улс төрийн бодлогын зөвлөлд багтдаг. Б.Баттүшиг ч МАН-тай холбоотой. Тус намын дэргэдэх НАМОХ-ны дэд ерөнхийлөгч байсан. Хэдэн жилийн өмнө НАМЗХ-ны ерөнхийлөгчид нэг зүтгэсэн ч Н.Учралд боломж олгож өрсөлдөөнөөс гарч байсан удаатай. Тэр утгаараа Б.Баттүшиг хүсвэл МАН-аас нэр дэвших чадал нь ч, боломж нь ч байгаa. Харин Н.Цэлмүүний хувьд нам, улс төр гэж явсан түүх байхгүй. Гэхдээ энэ удаагийн сонгуульд түүний гэр бүл ихэд анхаарч буй бөгөөд бүгдээрээ улс төрөөр амьсгалж байгаа гэхэд болно. Ногоон нам, Үндэсний ардчилсан намуудын нийлүүлж эвсэл байгуулсан. Ах Н.Номтойбаяр нь эвслийн дарга болсон. Эвслийн өмнөөс аав нь төвийн бүс, ээж нь говийн бүсийг хариуцах болсон. Н.Цэлмүүн ч идэвхтэй оролцож нийслэлийг хариуцаж авсан тухай улс төрийн хүрээнд ярьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Н.Цэлмүүнд эвслээсээ нэр дэвших бүрэн боломж байгаа юм. Гэхдээ одоогоор УИХ-д нэр дэвших эсэх нь тодорхойгүй байна. Гэвч одоогоор УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид хараахан ил болж тодроогүй байна. Тэгэхээр нам, эвслүүд нэр дэвшигчдээ зарлах үед Б.Баттүшиг, Н.Цэлмүүн хоёрын хэнийх нь ч нэр гарч ирж мэдэх юм. Хоёулаа ч нэр дэвшихийг үгүйсгэх аргагүй. Учир нь тэдэнд боловсрол ч, чадал ч, улс төрийн боломж ч байгаа гэдгийг дахин хэлэх хэрэгтэй.
Эх сурвалж: polit.mn Б.Гарьд