ЦАГААН САР БА ДЭЭЛ
Шинэ үеийн уран зохиолын эцэг гэгддэг Дашдоржийн Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” хэмээх зохиолыг хэн хүнгүй л уншсан байх. Ардын хувьсгалаас өмнөх хүнд цаг үеийг нүдэнд харагдаж, сэтгэлд буутал гайхалтай өгүүлж чадсан энэхүү зохиол түмэнд түгснээс хойш даруй 100 гаран жилийг үджээ. Монголын шинэ үеийн түүх гэгддэг сүүлийн 100 жилд Монгол Улсад юу эс болж өнгөрснийг түүхийн шарлаж эхэлсэн хуудсуудаас уншиж болно. Дэлхийн хоёр ч дайны ард гарч, хоёр ч хувьсгалыг үдэж феодалийн нийгмээс капитализмийг алгасаж, буцаж капитализмд шилжсэн эдгээр жилийн гуравны нэгт нь “Цагаан Сар” тэмдэглэх нь байтугай ярих ч эрхгүй байсан гунигтай он жилүүдийг Монголчууд бид үзсэн. Шашин шүтлэгийн талаар яриад ч хэрэггүй.
Гэхдээ хөх Монголчууд хэний ч хаалт хавчлагагүй “Цагаан Сар”-аа хийдэг болоод 37 жилийг үджээ. Өнгөрсөн зууны жараад он буюу яг тодруулбал 1960 оны нэгдүгээр сард Ардын Их Хурлын тогтоол гарч хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг “Нэгдэлчдийн өдөр” хэмээн тэмдэглэх болж зөвхөн малчдын баяр болон хязгаарлагдсан. Харин Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсад цаг өөрчлөгдөж өөрчлөлт шинэчлэлийн салхи сэвэлзсэнээр 1988 оны арванхоёрдугаар сарын 23-нд тогтоол гарч нийтээр тэмдэглэх баярын тоонд оруулсан түүхтэй.
Хаалттай, хагас хаалттай цагаан сараас өнөөдрийн “Цагаан Сар” ихээхэн ялгаатай болсон байна. Сайн муу хэлэгдсээр байгаа ч эрх чөлөөт ардчилсан Монгол улсын нийслэл хот буюу метрополлис хэмээн нэрийддэг их хотын тоонд багтсан Улаанбаатар хотын иргэд үндэсний дээлээ өмсөн “Цагаан Сар” тэмдэглэх нь өндөр барилгууд дунд цэцэг өөрөө найгаж байна уу гэлтэй. Айлчлан зочлох хүндэтгэлийн баяр болсон цагаан сараа тэмдэглэж айл хотлоороо баярлах нь аугаа их найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Сумын Наадам” шүлгийн өргөтгөсөн хувилбар аятай өнгөлөг сайхан ажээ.
Монгол хүн гэдгээрээ цээжээ дэлдтэл бахадмаар сайхан баяр бол яах аргагүй “Цагаан Сар” юм. Дан ганц ахмадууд гэлтгүй залуус хүүхэд баярлан золгож шинэлдэг болсон нь тусгаар Монгол Улс гэгдэж дэлхийд нэрлэгдэхийн утга учир биз ээ. Дээлтэй залуусын цэнгэн баярлаж буйг харахад сэтгэл огшиж, энгүй их баяр цээж дүүрэм сайхан. Залуус хүүхдүүд нь өв соёлоороо бахархаж үндэсний хувцас дээлээ дээдлэн өмсөн гангарах нь дэндүү бахдам гоё юм.
Дэлхийн найман тэрбум хүнээс Монгол хүн болж төрж, ялгарахын учир нь босоо монгол бичиг, хэл соёл, царай төрхөөс гадна үеэс үед өмсөж ирсэн дээл, малгай, бүс, гутал байдаг. Эдгээр ялгарлыг залуус маань ойлгон ухаарч, үнэлэн буй нь Монгол Улс мандан бадарч, өв соёл минь үеэс үед өвлөгдөн үлдэхийн итгэлийг Монгол зүрх бүхэнд төрүүлсээр байна.
Дан ганц монголчууд, монгол үндэстэн бахдах багадаж Монгол Улсад амьдарч, ажиллаж буй гадны хэн ч алмайран биширч буй биз ээ. Монгол Улс хөгжиж дэлхийн 200 улс дунд орших нь дан ганц 1.5 сая км квадрат нутагт амьдран буй Монголчуудад хамаатай бус юм. Мөнхөд том үндэстний далайлган доор байсан түүхийн нугачаа дор сөхөрч орсон цөөнгүй Монгол гаралтай үндэстнүүдийн бахдал бишрэл болжээ.
Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын харъяанд багтдаг буриад үндэснтүүд үндэснийхээ дээл хувцасаар гангарч, өв соёлоо дээдэлсэн сүрт жагсаал хийсэн нь Монгол Улс хөгжин буйн илэрхийлэл түүний хаялага юм. Хэзээ байтлаа буриад, халимагууд ийм толгой гэдгэр ёс заншил, үндэс угсаагаараа бахархаж жагсаж нааддаг байсан юм бэ гэж асуумаар.
Буриадууд, өвөрмонголчууд, дээд монголчууд, халимагуудын үндэсний гутал, дээл, бүс, малгайгаараа гангарах нь харъяанд буй улсынхаа иргэдээс ялгарах ялгаатайн учрыг таниулж мөн үндэс угсаа, өв уламжлалаа гэсэн сэтгэл зүрхийг нь харуулсаар байна.
Залуус маань дээлээр гангарч сар шинэдээ золгож, сонгуулиа өгч, наадамладаг болжээ. Аргагүй л бахархал, өв соёлоо дээдлэн буйн илэрхийлэл. Өнгөрсөн 2020 оны Улсын Их Хурлын сонгуулиар сонголтоо хийж саналаа өгөхдөө залуус үндэсний өв уламжлалаа дээдлэн дээлээр гангарсан нь тухайн үедээ үзэгдэл болсон юм. Энэ зургадугаар сард болох Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар энэ үзэгдэл давтагдах нь тодорхой. Төрөө дээдэлж, өв соёлоо хүндэлдэг залуус улс орны хөгжлийн хэтийг зурах бизээ.
Дэлхийн энтэй сэтгэж Чингисийн Монгол байхын учир утга нь үндэсний хувцасаараа гоёж бахдах юм гэдгийг ахин дахин онцолмоор байна. Дэлхийн хаана ч суу билэгт их эзэн хааныхаа нэрийг хэлэхэд л аан Чингис хаан уу? мэднэ мэднэ гэж хэлэгддэг үндэстэн Монголоос өөр байдаг гэж үү?
Дээл гоёлтойгоо, босоо бичигтэйгээ, морин хууртайгаа ялгарах өв соёл онцлогтойгоо байхад Монгол Улс оршин тогтнож, Монгол залуу гэж омогшихын бахдал нь тэр юм.