Засаглалуудын зодоон: ШЕЗ ерөнхий сайдыг “шүүв”
Засгийн газар энэ оныг “Авлигатай тэмцэх жил” болгож зарласан. Түүндээ нийцүүлж УИХ-д Үндсэн хуулийн өөрчлөлтүүд, Авлигын эсрэг хөтөлбөр, хуулиудыг санаачилж өргөн барих шиг болсон. Тэдгээрийг бүгдийг нь УИХ баталсан.
Харин “…Ил болгосон авлига, том хулгайн хэргүүд шүүх дээр гацаад байна” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үздэг. Тийм мэдэгдэл олныг хийсэн. Үүнийхээ хариуд ШЕЗ-өөр “шүүлгээд” авсан. Өнгөрсөн хавар, дөрөвдүгээр сард ШЕЗ-ийнхэн Ерөнхий сайдын асуудлаар хуралдсан. Тодруулбал, ШЕЗ 2023 оны дөрөвдүгээр сарын 17-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцох асуудлыг Үндсэн хуулийн Цэцэд тавих эсэхийг хэлэлцсэн. “…Ерөнхий сайдад хариуцлага тооцно” гэдэг нь “…Огцруулна” гэсэн үг л дээ.
ШЕЗ-ийн дээрх хуралдаанаар “…Л.Оюун-Эрдэнэ нь 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд Сүхбаатарын талбай дээр гарч, жагсагчидтай уулзсан. Тэгэхдээ “Шүүх засаглал энэ хэргүүдийг хэрхэн шийдэхийг хамтдаа нүд цавчилгүй харцгаая. Засгийн газар шахаж ажиллая. Та бүхэн маань ч шахаарай. Энэ жагсаалыг харж байгаа шүүхийн удирдлагууд өнөөдрийг хүртэл гацсан хэргүүдээ шийд. Хэрвээ шийдэхгүй бол ард түмэн бухимдаж байна” гэсэн. 2023 оны хоёрдугаар сарын 19-нд МҮОНТ-ээр “…Энэ асуудлууд шүүх дээр байгаа. Яаж шийдэхийг нь нүд цавчилгүй харах хэрэгтэй. Мөрдөх байгууллагууд ажлаа хийдэг. Харин шүүх дээр гацдаг. Шүүхийн томилгоо шударга байсан уу. Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу. Нэг сонгуулийн дараа банкны захирлууд сууж байгаад шүүгч нарыг хувааж авч болохгүй” гэж ярьсан. 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нэр бүхий хэвлэлүүдэд Л.Оюун-Эрдэнэ “И-бизнес” платформын нээлтийн үеэр сэтгүүлчдэд “Шүүх дээр байгаа бүх хэргийн он,сар, өдрийг сурвалжлаач та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэсэн . “…Энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан тул Цэцэд хүсэлт гаргуулахаар Дээд шүүхэд хүргүүлэх хэрэгтэй” гэсэн асуудлыг хэлэлцжээ. Ингээд хуралдаанд оролцсон есөн гишүүний зургаа нь дэмжиж, гурав нь татгалзсан байгаа юм. Гэхдээ энэ нь албажаагүй байдаг. Улмаар ШЕЗ-өөс 2023 оны тавдугаар сарын 1-нд “…ШЕЗ-ийг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг огцруулах талаар хэлэлцэж шийдвэрлэсэн мэтээр зарим хэвлэл мэдээлжээ. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах талаар Шүүхийн тухай хуульд шинэ зохицуулалт тусгагдсан.
Тус хуулийн 73.2. дахь хэсэгт “Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Дээд шүүхэд хүргүүлнэ. Дээд шүүх Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг. ШЕЗ Шүүхийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай асуудлыг хурлаараа нээлттэй хэлэлцсэн бөгөөд хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзсэн болно. Тус зөвлөл нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах, огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах боломжгүй” гэж мэдэгдэл хийсэн. Хэдийгээр энэ асуудал тэгсгээд сураг алдарсан ч шүүх болон гүйцэтгэх засаглалын тэргүүний хооронд зөрчил одоо ч байсаар байна. Ерөнхий сайдын тухайд авлигын эсрэг үг хэлэх бүртээ л тэр агуулгыг давтдаг. Үнэхээр ч авлигын томоохон хэргүүд шүүхийн хаалга мөргөөд буцаад байгаа нь сүүлийн үед улам олширч байгаа юм. Уг нь мөрдөх байгууллагаас, прокуророос “…Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүллээ” гэдгээ байнга мэдээлж байна. Гэвч “Эрдэнэт”-ийн 49, Т.Бадамжунайн хэргүүд мөрдөн байцаалтад буцсан. Энэ мэт хэргүүд ирэх сонгууль өнгөртөл шүүх рүү очихооргүй болж буй бололтой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДАМДИН-ОЧИР