Монгол, Вьетнамын хамтарсан мэдэгдэл
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нарын албан ёсны хэлэлцээний дүнгээр гаргасан Монгол, Вьетнамын Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ:
Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-ийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 01-05-ны өдрүүдэд Вьетнам Улсад төрийн айлчлал хийв.
Хоёр. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг, Ерөнхий сайд Фам Минь Чинь, Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ нартай тус тус уулзав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Хо Чи Минь-ий бунханд хүндэтгэл үзүүлж, Хоа Бинь мужийн соёл, эдийн засгийн чөлөөт бүсэд зочлов.
Гурав. Айлчлалын үеэр талууд улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, технологи, зам тээвэр, ложистик, соёл, аялал жуулчлал, иргэдийн солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх бодит арга хэмжээний талаар болон бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. 2024 онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.
Дөрөв. Албан ёсны хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа хөгжин бэхжиж, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах зэрэг олон салбарт амжилтын түүхийг бүтээж буйд сэтгэл хангалуун байгааг илэрхийлээд, цаашид хоёр орны харилцааны давуу тал, нөөц бололцоонд тулгуурлан бүхий л салбарт үр бүтээмжтэй ажиллаж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тохиролцов. Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх хүрээнд дээд, өндөр түвшний төлөөлөгчдийн солилцоог нам, төр, Засгийн газар, парламент зэрэг бүхий л түвшинд үргэлжлүүлэх, 2024 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, соёл, урлагийн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдийн хэрэгжилтийг эрчимтэй хангах талаар санал нэгдэв.
Тав. Талууд батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, хамтын ажиллагааны өнөөгийн механизмууд, түүний дотор 2019 оны 12 дугаар сард байгуулсан “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх, Вьетнам Улсын Үндэсний батлан хамгаалахын сайдын 2023 оны 10 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярьж тохирсон хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрөөр дамжуулан мэдээлэл солилцох, батлан хамгаалах аж үйлдвэр, техник болон энхийг сахиулах зэрэг чиглэлд бодит хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тохиролцов. Талууд аюулгүй байдал, нийтийн хэв журмыг сахиулах, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, шилжилт хөдөлгөөний удирдлагын чиглэлд хамтран ажиллах тухай хоёр орны хууль сахиулах байгууллага хооронд байгуулсан баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиролцов. Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа Хөдөлгөөнт цагдаагийн газрын дэргэд байгуулагдсан Морьт цагдаагийн хороо нь нийгмийн хэв журам, аюулгүй байдлыг сахиулахад хувь нэмэр оруулж буй нь хоёр орны аюулгүй байдлын байгууллагуудын хамтын ажиллагааны тод илрэл болж буйг Талууд тэмдэглээд тус Морьт цагдаагийн хороог бэхжүүлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.
Зургаа. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комисс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хэлэлцэх чухал механизм болж хөгжиж буйг Талууд өндрөөр үнэлж, тус механизмаар дамжуулан хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хооронд хэлхээ холбоо тогтоон худалдааг дэмжиж ажиллахаар тохиров. Мөн хоёр улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн төлөө хоёр талын давуу тал, нөөц боломжийг дайчлан ажиллахаар болов. Талууд хоёр орны аж ахуйн нэгжүүдийг холбоход чухал үүрэг гүйцэтгэж, дэмжлэг үзүүлж буй Вьетнамын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Вьетнам, Монголын бизнесийн зөвлөл” болон Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх “Монгол, Вьетнамын бизнесийн зөвлөл” зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв.
Долоо. Талууд 2019 онд байгуулсан “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”-ийн хэрэгжилтийг үр дүнтэйгээр хангах чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиров. Талууд Монгол Улсаас БНСВУ-д экспортлох ямаа, хонины махны “Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ” болон БНСВУ-аас Монгол Улсад экспортлох шувууны мах, махан бүтээгдэхүүний “Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ”-г тус тус харилцан тохирсон нь хоёр улсын хооронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний солилцоо хийх таатай нөхцөл бүрдүүлснийг сайшаан тэмдэглэв.
Найм. Хоёр орны төрийн тэргүүн нар хоёр талын холбогдох байгууллагууд Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлж, хоёр орны худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлэв. Талууд хоёр улс хоорондын зам тээврийн харилцаа, түүний дотор төмөр зам, далайн тээвэр, агаарын тээвэр зэрэгт тулгамдаж буй ложистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх боломжит гарцыг үргэлжлүүлэн эрэлхийлж ажиллахаар болов.
Ес. Хоёр орны төрийн тэргүүн нар нийгмийн хамгаалал, мэргэжлийн боловсрол, нийгмийн даатгал, хүн амын хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн бодлого, үйлчилгээ, жендерийн тэгш байдлын чиглэлээр хамтран ажиллах тухай 2017 онд байгуулсан “Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Вьетнам Улсын Хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн асуудлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтийг хангаж ажиллахын чухлыг тэмдэглэж, талуудын хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй салбаруудад харилцан ажиллах хүч нийлүүлэх, хүлээн авах боломжийг үргэлжлүүлэн судлахаар тохиролцов.
Арав. Талууд 2012 онд байгуулсан Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг үргэлжлүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэхээр тохиролцов. Монголын талын “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд вьетнамын тал тус улсын Засгийн газраас олгож буй тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх боломжийг нааштайгаар судлан үзэхээ илэрхийлэв. Талууд эрүүл мэндийн салбар, түүний дотор уламжлалт анагаах ухаан, ургамлын гаралтай эм үйлдвэрлэх технологийг судлах чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны түүх, соёлыг харилцан сурталчлах зорилго бүхий хөтөлбөр хэрэгжүүлэх, соёл, урлагийн баг, хамтлагуудын солилцоог дэмжих, түүх, соёлын өвийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах замаар иргэдийн найрсаг солилцоог эрчимжүүлэх, ялангуяа оюутан залуучуудын солилцоо, орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдэв. Мөн хоёр улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний сурч боловсрох, ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд нягт хамтран ажилласнаар тухайн иргэд хоёр орны найрамдлыг бэхжүүлэх чухал гүүр болох ач холбогдолтойг тэмдэглэв.
Арван нэг. Талууд НҮБ, ЭҮНХ, ДЭМБ, АСЕМ, АСЕАН (АРФ), ЮНЕСКО, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга, Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (APG) зэрэг олон улсын болон бүс нутгийн байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, харилцан бие биеэ дэмжихээ илэрхийлэв.
Арван хоёр. Вьетнамын тал Монгол Улсыг АСЕАН-ы улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, АПЕК гишүүнчлэлээ өргөтгөх үеэр Монгол Улс тус байгууллагад элсэх хүсэлтийг дэмжихээ дахин нотлов. Талууд НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг чухалчлан үзэж, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Арван гурав. Талууд Өмнөд Хятадын тэнгист энх тайван, аюулгүй байдлыг хангах, маргаантай асуудлыг НҮБ-ын дүрэм, олон улсын хууль тогтоомж, түүний дотор 1982 оны Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц (UNCLOS 1982)-д нийцүүлэн энхтайвны арга замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглэв.
Арван дөрөв. Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:
- Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр;
- Мэдээлэл солилцоо болон цагаачлалын менежментийн тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
- Үндэстэн дамнасан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
- Хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
- Стратеги судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
- Цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
- Монгол Улсаас БНСВУ-д экспортлох ямаа, хонины махны “Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ” болон БНСВУ-аас Монгол Улсад экспортлох шувууны мах, махан бүтээгдэхүүний “Мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ”.
Арван тав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг болон Вьетнамын ард түмэнд Монголын төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд талархал илэрхийлж, Ерөнхийлөгч Во Ван Тыөнг-ийг ирэх 2024 онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урив.