А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлах хүний нөөцтэй болно

Нийтэлсэн: Админ 2022-07-10 10:22:00

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.


Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль"-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)"-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна. Цуврал нийтлэлийг эхлүүлж, Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой сүүлийн үед авч хэрэгжүүлж буй бодлогын талаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.

-Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн хүн байдаг вэ? Энэ талаар та товч тоон мэдээлэл өгөөч.

-2021 оны статистик мэдээллээр Монгол Улсад 106'100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны 11'400 гаруй хүүхэд бий. Улсын хэмжээнд 13700 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн хөдөлмөр эрхэлж байна. Хөгжлийн бэрхшээлийн шалтгааны 78 хувь нь ердийн өвчлөл, 10 хувь нь ахуйн осол, 5 хувь нь мэргэжлээс шалтгаалах өвчлөл, 4 хувь нь зам тээврийн осол, 2 хувь нь үйлдвэрийн осол байна. Харааны бэрхшээлтэй 11'700 орчим, сонсголын бэрхшээлтэй 8'400 гаруй, хэл ярианы бэрхшээлтэй 4'000 гаруй, хөдөлгөөний бэрхшээлтэй 21'000 гаруй, сэтгэцийн бэрхшээлтэй 20'400 орчим, хавсарсан бэрхшээлтэй 7'400 гаруй, бусад төрлийн бэрхшээлтэй 33'100 гаруй хүн байна. Хөгжлийн бэрхшээлтэй 9'800 гаруй хүүхдээс 4'300 орчим нь Ерөнхий боловсролын сургуульд сурч байна. 1'200 гаруй хүүхэд Ерөнхий боловсролын тусгай сургуульд сурдаг бол 2'800 гаруй хүүхэд огт сурдаггүй, 370 гаруй хүүхэд сургуулиас завсардсан байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн ямар бодлогыг төрөөс хэрэгжүүлж байна вэ?

-Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, конвенцын үзэл санаанд тулгуурласан "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль"-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар дундын зохицуулалтыг хангах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөл болон салбар зөвлөлүүдийг байгуулсан. Улмаар 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй орчин нөхцөл хангалттай бүрдээгүйн улмаас нийгмийн амьдралд оролцох боломж нь хязгаарлагдаж байна. Иймд бид салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох шаардлага бий. Энэ хүрээнд "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай" хуулийн шинэчлэн найруулж, "Саадгүй байдал, хүртээмжийн тухай" хууль"-ийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж санхүүгийн дэмжлэг олгодог.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн олон улсын байгууллагуудын санхүүжилттэй төслүүдийг мөн хэрэгжүүлж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн хүрээнд Ховд, Хөвсгөл, Архангай, Дархан-Уул, Дундговь, Дорнод зэрэг 6 аймагт баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажил 50-65% хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн дээрх төслийн хүрээнд нийслэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг барьж байгаа.

Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл"-ийг 2021 оны 2-р сараас 2025 оны 1-р сар хүртэл хэрэгжүүлж байна.

-ЖАЙКА-тай хамтран өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, үйл ажиллагаа юунд чиглэсэн бэ?

-Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран 2016-2020 оны хооронд "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл"-ийг амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: бодлого үйл ажиллагааны мэдээллийн лавлах Цагаан ном"-ыг 2018 оноос эхлэн жил бүр эрхлэн гаргадаг болсон. Мөн хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загварыг олон нийтэд түгээх олон улсын стандарт бүхий "Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт"-ыг зохион байгуулах үндэсний сургагч багш нарыг бэлтгэн гаргаж, уг сургалтад 2017 оноос 13 мянга гаруй хүнийг хамруулсан.

Эдгээр үйл ажиллагааны үр дүнд үндэслэн 2 дугаар шатны төсөл буюу "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

-"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл"-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Төслийн гол зорилго юунд чиглэж байгаа вэ?

-Энэ төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх загварыг нэвтрүүлж, уг загварт тулгуурлан ажлын байр, иргэн хоёрыг холбож өгөх боловсон хүчний тогтолцоог бий болгоход чиглэж байгаа.

Байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангах үүргийг хуулиар хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй бол тодорхой төлбөр төлнө. Ихэнх байгууллагууд төлбөр төлөх сонголтыг хийж байна. Гэтэл нөгөө талд ажил хийж, хөдөлмөр эрхлэхийг хүссэн хөгжлийн бэрхшээлтэй олон мянган иргэн бий. Энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байгаа нь хоёр талтай. Нэг талд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ажил олгогчид ойлголт, мэдлэг багатай байна. Нөгөө талд ажил хийхийг хүсэж буй иргэдийн мэдлэг, ур чадвар шаардлага хангахгүй байх нь түгээмэл. Тиймээс ажил олгогчийн хандлагыг өөрчлөх, ажлын байрны таатай орчин бүрдүүлэх, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Ингэхийн тулд энэ хоёрыг холбох хүний нөөцийн тогтолцоог бий болгох шаардлагатай. Job Coach буюу Ажлын байрны дадлагажуулагч гэдэг шинэ ойлголт, шинэ ажил мэргэжил гарч ирж байгаа юм. ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл маань товчхондоо үүнд чиглэж байна.

Мөн энэ төслийн хүрээнд ажил олгогчдод чиглэсэн нөлөөллийн ажил хийх хүний нөөцийг бэлтгэн гаргах юм.

-Ажлын байрны дадлагажуулагч гэдэг ойлголтын талаар уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.

-Ажил олгогчид үнэндээ хоосон төлбөр төлснөөс хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулах сонирхолтой байдаг. Гэвч хаанаас авах, хэнийг ажиллуулах, ямар боломж нөхцөлөөр хангах тухай мэдлэг, туршлага байдаггүй. Ажилд авсан хүн нь шаардлага хангахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах боломжгүй гэсэн ойлголт, хандлагатай болдог. Харин ажил хийхийг хүсэж буй хөгжлийн бэрхшээлтэй хүн яаж ажил олох, хэнд хандах, хаанаас мэдээлэл авах, ямар ур чадварт суралцах гээд олон асуултын цаана мухардалд ордог. Энэ хоёр нөхцөл байдлыг ойртуулж уулзуулах хүн нь Job Coach буюу Ажлын байрны дадлагажуулагч байх юм. Ажил олгогчдод зөвлөнө. Мэдлэг, мэдээлэл олгоно. Ажлын байрны хүртээмжтэй, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд тусална. Аль орон тоонд ямар ур чадвартай хүн хэрэгтэй байгааг тодорхойлж ажил хайгчдаас санал болгоно. Нөгөө талд яг ийм байдлаар ажил хайж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллана. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тухайн ажлын байранд шаардагдах ур чадварыг эзэмшүүлж, ажил олгогч болон хамт олонтой харилцах харилцаа хандлагыг сайжруулахын төлөө ажиллана. Ийм чиглэлээр ажилладаг хүний нөөцийн тогтолцоог бий болгож хөгжүүлэх нь энэ төслийн үндсэн зорилго юм.