Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах төсөл хэрэгжиж эхэллээ
“Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” Нама дэмжлэгт төсөл өнөөдөр нээлтээ хийлээ. НЗДТГ болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/ хамтран, Германы “Нама фасилити” байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй уг төсөл нь 2027 он хүртэл таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Дээрх хугацаанд Улаанбаатар хотод буй угсармал орон сууцуудын дулаан алдагдлыг бууруулах дулаалга, их засвар хийж, эрчим хүч хэмнэх ажлыг гүйцэтгэх юм.
Улаанбаатар хотод 2000 оноос өмнө барьсан, дулаан алдагдал өндөртэй угсармал орон сууцны 1077 блок барилга байдаг. Дээрх төслийн хүрээнд эхний ээлжид 120 орчмынх нь дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөжээ. Ингэснээр эрчим хүчний зарцуулалт багасаж, нүүрстөрөгчийн ялгарал буурч, иргэдийн амьдрах орчин сайжран, угсармал орон сууцны үнэлгээ өснө гэж үзсэн байна. Барилгын материалын үнэ ихээхэн өсөж буй тул шинэ барилга барилгүйгээр их засвар хийх нь төсвийг хэмнэж, харьцангуй бага зардлаар сайн үр дүнд хүрэх арга зам гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон юм. Насжилт өндөртэй, хуучирсан барилгыг нурааж, шинээр барихад дунджаар 7 тэрбум төгрөгийн зардал гардаг бол их засварын зардал 600 сая байдаг аж.
GIZ нь “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийг 2018-2022 онд амжилттай хэрэгжүүлэн, энэ оны тавдугаар сард үр дүнгээ хүлээлгэн өгсөн. Дээрх хугацаанд Улаанбаатар хот дахь гэр хорооллын нийт 22 сургууль, цэцэрлэгийн барилгад их засвар, иж бүрэн дулаалга хийсэн билээ. Төсөл хэрэгжүүлснээр тухайн сургууль, цэцэрлэгүүдийн барилгын эрчим хүчний хэмнэлт 47-60 хувьтай байгаа үр дүн гарчээ. Иймд үүний үргэлжлэл болгон “Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Цаг уурын өөрчлөлт, агаар, орчны бохирдол зэрэг асуудал дэлхий дахинд тулгамдаж буй өнөө үед барилга байшингийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүч хэмнэх нь чухал ач холбогдолтой.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР