Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар “Мобиком”-д үйлчилж, Монголын хуулийг уландаа гишгэлцэж байна уу?
Хэдхэн хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 18-нд монголчууд “Эр цэргийн баяр”-аа тэмдэглэж суух үед “Мобиком” корпорацынхан 25 жилийн ойгоо нижгэр тэмдэглэж байлаа. Монголын зах зээлд 25 жил монопольдсон тус компанийн түүхэн ой энэ жилийн тухайд өөрсдийнх нь хувьд давхар, давхар бэлэгтэй байсан юм.
Төрийн хуулийг хүчгүйдүүлж чадсан, төрийн байгууллагуудыг өмнөө бөхийлгөсөн гээд амжилтыг нь дурдвал нэг компани Монголд засаглаад байгаа юм шиг харагдахуйц байсан учраас ийн тодотголоо. Харамсалтай нь, тэдний хувьд энэхүү ойн баяр байсан бол Монгол төрийн хувьд эмгэнэл байсан юм. Хууль хүчтэй юү, хувийн байгууллагын лобби хүчтэй юү гэдгийг харуулсан үйл явдал өнгөрөгч хугацаанд болсныг одоо хуваалцъя.
Үүний өмнө багахан тайлбарыг бусад салбарын жишээгээр өгүүлэх нь зөв биз ээ. Уншигч Та ч бас өөр дээрээ жишээ татаад бодоод үзээрэй. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компани Монгол Улсын хууль, дүрэм, тодорхой стандартуудыг бүгдийг нь зөрчөөд 25 давхар байшин барьчихжээ. Хэнд ч хэлэхгүйгээр, хэнээс ч зөвшөөрөл авахгүйгээр шүү. Тэд эхлээд хууль дүрмийн дагуу зөвшөөрлөө аваад барилга барих ёстой юу, эсвэл эхлээд дурын газраа барилга барьчихаад дараа нь зөвшөөрлөө хөөцөлдөх үү. Ямар ч барилгын компани эхэлж зөвшөөрлөө авдаг бол “Мобиком”-ынхон дүйцүүлж хэлбэл эхэлж барилгаа барьчихаад дараа нь зөвшөөрлөө хөөцөлдөж байгаа юм. Одоо энэ тухай өгүүлье.
“Мобиком” корпорацын зах зээлд нэвтрүүлсэн “VOO” үйлчилгээ нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчиж байгаа нь Харилцаа холбооны зохицуулах хорооны улсын байцаагчийн 2020 оны арванхоёрдугаар сард гаргасан болон түүнийг хянасан прокурорын дүгнэлтээр нотлогддог.
Гэсэн ч УИХ Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нь Зөрчлийн тухай хуульд одоог хүртэл зааж өгөөгүйгээс Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Мобиком” корпорацийн охин компани болох “Мобинэт” ХХК хууль зөрчсөн ч хүлээх хариуцлагагүйгээр одоог хүртэл “VOO” үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэсээр байна.
Нэгдүгээрт, гадаад эзэнтэй, хоёрдугаарт, тусгай зөвшөөрөлгүйгээр олон сувгийн үйлчилгээ үзүүлж Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг ноцтой зөрчсөн “Мобиком” “VOO” үйлчилгээгээ өнөөг хүртэл хэрэглэгчдэд хүргэсээр байгаа нь тус хуульд хяналт тавих хороо болон салбарын агентлагынхан тус корпорацид үйлчилж байх магадлалтайг харуулдаг. Үүнийг бид ч хэлээд байгаа бус. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын дарга Б.Бат-Эрдэнийн гарын үсэгтэй нэгэн шийдвэр энэ хардлагын үнэн байх магадлалыг өндөрсгөж байгаа юм.
Үүнийг түр хойш тавиад хороо болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар “Мобиком” корпорацид найр тавиад байгааг харуулах хоёр жишээг дурдъя.
Нэг. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд батлахдаа 2020 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээс заасан байдаг юм. Энэ үед УИХ бас нэгэн анхаарал татахуйц тогтоол баталсан нь “Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн баталсантай холбогдуулан хариуцлагатай холбоотой зохицуулалтыг Зөрчлийн тухай хуульд оруулах хуулийн төслийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор УИХ-д өргөн барихыг Засгийн газарт даалгах” тухай байв. УИХ-ын баталсан хууль хэрэгжиж эхлээд есөн сар, энэ хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг нь зааж өгсөн санкц оруулсан төслийг өргөн барих хугацаа нь өнгөрөөд жил тойрч байхад өнөөг хүртэл хороо төслийг боловсруулаагүй л байна. Хэрвээ энэ хугацаанд хариуцлагын санкцыг Зөрчлийн тухай хуульд заагаад өгсөн бол олон сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн “Мобиком” корпораци Монголын хуулийн өмнө толгой гудайх байлаа.
Хоёр. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл гэсэн баримт бичиг бий. Энэ баримт бичигт маш ноцтой нэгэн заалт байгаа нь “Интернэтийн сүлжээгээр телевиз, радио контент дамжуулж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно. Энэхүү зөвшөөрлийг хүсэлтийг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хороо олгоно. Зохицуулах хорооноос энэ зөвшөөрлийг олгох хүртэл энэ төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхэлж болно” гээд заачихсан. Үүнийх нь дагуу 2020 оны арваннэгдүгээр сард Контентын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн журмыг хороо нь боловсруулсан. Энэ журмаар интернэтийн сүлжээгээр тв суваг дамжуулж байгаа тохиолдолд контентын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай заалт оруулсан. Хууль бусаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Мобиком”-ынхон тусгай зөвшөөрөл хүссэнээс яг ганцхан сарын дараа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар энэхүү урт нэртэй баримт бичгээ ингэж баталсан байдаг юм. Ажлаа аваад хоёр сар ч хүрээгүй байсан тус агентлагын дарга Б.Болор-Эрдэнийн маш том эргэлзээ дагуулсан шийдвэр энэ баримт бичиг байв. Энэ баримт бичигт орсон дээрх заалт, тэр заалтад тохируулж боловсруулсан хорооны журам зэргийг харахад эдгээр заалт нь “Мобиком”-ын хууль бус үйлдлийг хууль ёсны болгохын тулд мэргэжлийн агентлаг хийгээд хороо тэдний талд хэрхэн үйлчилж байсан нь харагддаг юм. Тэдний баталсан баримт бичиг болон боловсруулсан журам бол хатуухан хэлэхэд Контентын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл нэрээр халхавчлаад олон суваг дамжуулах эрхийг “Мобиком” корпорацид өгөх гэсэн увайгүй үйлдэл байлаа. Үүнийг дээр цухас дурдсанчлан ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн 2021 оны нэгдүгээр сарын 15-нд гаргасан албан даалгавар нотлодог. Энэ албан даалгаварт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын гаргасан баримт бичиг нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, тодорхой аж ахуйн нэгжид давуу байдал олгосон байна гэдгийг нотолсон байдаг. Ийм учраас энэ баримт бичгийг дахин боловсруулж, Өрсөлдөөний тухай хуульд нийцүүлэхийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ даалгасан.
Ингэснээр контентын үйлчилгээ үзүүлэх нэрээр олон сувгийн зөвшөөрөл авах “Мобиком”-ын лобби түр хугацаагаар хойшлогдсон. Гэсэн хэдий ч мэргэжлийн агентлагын шүхэр доор нуугдсан “Мобиком” тусгай зөвшөөрөлгүйгээр стратегийн салбарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр л байна.
Дашрамд дурдахад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2020 оны есдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг, аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл гэсэн баримт бичиг нь эрх зүйн үндэсгүй байж мэдэхээр нөхцөл байдал байгаа.
Учир нь, энэхүү баримт бичгийг бүх үүрэн холбоо эрхлэгчид, интернэтийн үйл ажиллагаа эрхлэгчид, контентын үйлчилгээ эрхлэгчид дагаж мөрдөнө гэж заасан. Гэсэн хэдий ч нийтээр мөрдөх хэм хэмжээг бүртгэдэг цорын ганц эрх бүхий этгээд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Монгол Улсад телевизийн нэвтрүүлэг , аудио, видео санг интернэтээр дамжуулах үйлчилгээ эрхлэхэд баримтлах чиглэл гэсэн баримт бичгийг бүртгүүлэх хүсэлт одоо хүртэл хүргүүлээгүй байгаа билээ.
/Өмнөх нийтлэлийг эндээс үзнэ үү. https://www.24tsag.mn/a/191387/
С.Сүлд
Эх сурвалж: 24tsag.mn