Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөтөлийн “Цемент Шохой” ХК-аар зочилж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Уул уурхайн сайд Г.Ёндон, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл УИХ гишүүн Д.Өнөрболор, Ч.Ундрам нарын холбогдох албаныхан 9 сарын 17-ны өдөр Хөтөлийн “Цемент Шохой” ХК-аар зочилж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын үеэр Гүйцэтгэх захирал А.Шоовдор үйлдвэрийн өнөөгийн байдал, цаашдын тулгамдаж буй асуудлуудыг танилцуулсан бөгөөд Ерөнхий сайд хэлэхдээ“Цемент Шохой” ХК нь алдагдалтай ч гэсэн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т 37 жилийн турш технологийн шохойг тасралтгүй нийлүүлж байгаа, Хөтөл хотын төр төсвийн 14 албан байгууллага, 67 орчим аж ахуй нэгж, 1275 айл өрхийг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун усаар ханган 2,5 тэрбумын алдагдлыг хүлээн ажиллаж нийгмийн хариуцлагаа сайн биелүүлж байгаад талархав.
Мөн дотоодын мэргэшсэн инженер техникийн ажиллагсадтайгаар үйлдвэрлэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монгол Улсын стратегийн чухал ач холбогдол бүхий үйлдвэр байна гэдгийг онцлон тэмдэглэж, үйлдвэр хамт олныг маш сайн ажиллаж байгааг сайшаасан юм.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь тус үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь хэрхэн ашигтай ажиллуулах, цементийг экспортод гаргах талаар болон бусад асуудлуудад төр засгаас дэмжлэг үзүүлэх болно гэдгээ хэлсэн.