Т.БАТМӨНХ: Өргөтгөлийн барилгын суурийн цутгалт ирэх долоо хоногт эхэлнэ

Нийтэлсэн: Админ 2020-09-09 9:31:00

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Жилд 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий дөрөвдүгээр шугамыг ирэх намар ашиглалтад оруулснаар Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулалтын хэмжээг жилд 35 сая тоннд хүргэн нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Энэхүү түүхэн бүтээн байгуулалтын ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, дулааны улиралд газар шорооны ажлыг дуусгаж, барилгын цутгалт, угсралтыг эхлүүлэх талаар хэлэлцлээ. Энэ үеэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхтэй уулзаж, ажлын явцын талаар тодрууллаа.  

-Өргөтгөлийн ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?  
     -Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийг өргөтгөх ажил төлөвлөгөөний  дагуу хийгдэж байна. Үйлдвэрийн шуурхай штаб долоо хоног бүр хуралдаж, ажлаа дүгнэн хэлэлцдэг. Уул геологийн хүндрэлтэй нөхцөлөөс хамааран суурийг ухахад том хад чулуу ихээр гарч ирж байгаа нь ажлын хурд саарах шалтгаан болж байна. Нэмэлт техник гаргаж ажлыг түргэтгэх арга хэмжээ авах талаар ярилцлаа. Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд усархаг бороо орох төлөвтэй. Улмаар, огцом хүйтэрч, цас орж ч болзошгүй учраас цаг агаарын нөхцөл байдалтай уялдаж, уралдаж ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй. Ер нь бол барилгын ажлууд сайн явж байна. Ирэх долоо хоногоос суурийн цутгалт эхэлнэ. Энд ойролцоогоор 200 гаруй тонн жинтэй тээрэм, доторлох тоног төхөөрөмжүүд нь бас 200 гаруй тонн жинтэй гээд бодохоор нийтдээ 500 гаруй тонн болно. Дээр нь 1000-аад тонн хүдэр боловсруулна гэхээр энэ их ачааг даах суурийг бид барилгын дүрэм нормын дагуу, цутгалтын ажлыг тасралтгүй зохион байгуулахаар бэлтгэл хангасан. Хүн хүчээ хуваарилаад ажиллаж байна. Үйлдвэрийн газрын зүгээс гүйцэтгэгч компанийн өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаа. Хөрөнгө мөнгө, төлбөртэй холбоотой саатал гараагүй, ажил эрчтэй үргэлжилж байна. 

-Бүтээн байгуулалт өрнөж байгаа хэсгийг камержуулсан байна. Энэ ямар ач холбогдолтой вэ? 
     -“Ковид-19” цар тахлаас шалтгаалан олон улсын нөхцөл байдал ямар байгааг хүн бүхэн мэднэ. Хилийн хоригоос болж мэргэжилтнүүд ирж, очиж чадахгүй байгаа учраас гүйцэтгэгч компанийн удирдлагуудын зүгээс камержуулалтын асуудал тавьсан. Өөрсдөө камераа авч явуулсан. Энэ долоо хоногоос камер ажилд бүрэн орлоо. Бид өрөөнөөсөө, утсан дээрээ камерын хяналт, видео хурал хийж байгаа. Хийсэн ажлынхаа үр дүнг харуулж, бүтээн байгуулалтын ажлыг 24 цагаар хянах нөхцөл бүрдсэн. Хэдийгээр хилийн хоригтой байгаа ч техник технологийн дэвшлийг ашиглан хоёр тал ажлаа хараад, хурал зөвлөгөөнөө хийгээд явж байна. Өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажил долоо хоногийн зургаан өдөр 12-14 цаг тасралтгүй үргэлжилж байна. 

М.ОДГЭРЭЛ