Б.Цэнгэл: Эрдэнэт үйлдвэрийнхэн үйлдвэрлэлээ цар тахлын үед ч амжилттай ажиллуулж байгаа нь харагдаж байна
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл томилолтын баг бүрэлдэхүүний хамт Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.
Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод зэрэг үндсэн үйлдвэрлэлийн цех болон Дулааны цахилгаан станц, Ган бөөрөнцгийн цехүүдийн удирдлагууд өнөөгийн үйл ажиллагаа, технологийн шинэчлэл, шинэ бүтээн байгуулалтын явц, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар танилцуулахын зэрэгцээ тулгамдаж буй асуудлуудаа ч ярьж, санал бодлоо солилцов.
“Жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, үйлдвэрлэлийн гол зүрх болсон, Баяжуулах үйлдвэр шинэ өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж байна. Энэ нь, хүдэр боловсруулалтын хүчин чадлын хэмжээг 6 саяар өсгөх технологи бүхий, Өөрөө нунтаглах хэсэгт баригдаж буй өргөтгөл юм. Уг бүтээн байгуулалтыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд барилга байгууламжийн ажил өнөөдрийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй байна” гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон онцлов. Түүнчлэн, жилээс жилд уул геологийн нөхцөл хүндэрч, хүдрийн агуулга буурч байгаатай холбогдуулан авах арга хэмжээ, Засвар механикийн заводын Цутгуурын цехийн шинэ өргөтгөлийн үр өгөөж, хэрэглэгчээс үйлдвэрлэгчийн эгнээнд шилжсэн ДЦС-ын найдвартай ажиллагаа, Ган бөөрөнцгийн цехийн шинэ технологи, үйл ажиллагаа зэрэг цех бүрийн онцлог ажилтай ТӨБЗГ-ын дарга газар дээр нь танилцлаа.