ОХУ COVID-19-ийн эсрэг хоёр дахь вакцины туршилтаа эхлүүлнэ
ОХУ-ын ШУА-ийн харьяа М.П.Чумаковын нэрэмжит Биологийн дархлааны эмийн судалгаа, шинжилгээний төвийн эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн вакцины туршилтыг эхлүүлэх зөвшөөрлийг Эрүүл мэндийн яам өглөө хэмээн тус яамны хэвлэлийн алба мэдээллээ.
Тус төвийн вакины туршилтад 3000 орчим сайн дурын хүмүүсийг хамруулах бөгөөд туршилт ДЭМБ-ын шаардлагын дагуу явагдах болно гэдгийг ЭМЯ онцолж байна. Сайн дурынхны туршил ойрын хугацаанд Киров, Санкт-Петербург, Новосибирск хотод эхлэх ажээ. Вакцин тариулсан хүмүүс 16 хоног тусгаарлагдан ажиглалтад байх юм.
"Шинэ вакцины клиник туршилтыг арваннэгдүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй байна” хэмээн Чумаковын төвийн ерөнхий захирал Айдар Ишмухаметов хэлсэн байна.
ОХУ өмнө "Спутник V" нэртэй коронавирусийн эхний вакциныг гаргаж авч туршилтын хугацааг амжилттай дуусган одоо үйлдвэрлэлийн шат руу ороод байгаа билээ. Эхний вакциныг Н.Ф.Гамалейн нэрэмжит Микробиолог, халдвар өвчин судлалын судалгааны төв Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай /Российский фонд прямых инвестиций/ хамтран хийсэн юм.
Үүнээс гадна Орост дахин гурван вакцины туршил хийгдэж байна. Тухайлбал, "Вектор" төвийн, Хятадын “Sinopharm” компанийн болон Их Британи-Шведийн хамтран хийсэн AstraZeneca вакцин туршигдаж байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ