А.ОТГОНБАЯР: Манай алба хаагчид интернетгүй орчинд “Nema gok 58” аппликейшн ашиглаж байна

Нийтэлсэн: Админ 2020-06-15 11:49:00

Жил бүрийн зургаадугаар сарын 20-нд Онцгой байдлын албаны баярын өдөр тохиодог. 16 дахь жилийн тэмдэглэлт энэхүү өдрийг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Онцгой байдлын Гэрээт гал түймэр унтраах, аврах 58-р ангийн захирагч А.Отгонбаяртай уулзаж, хэрэгжүүлж буй ажлынх нь талаар ярилцлаа. 

-Та хэзээнээс Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбосон бэ? Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?         

-1972 онд миний аав Ч.Аюуш Эрдэнэт хотод илгээлтээр ирж Геологи хайгуулын ангид жолоочоор ажилласан түүхтэй. Ээж маань тус ангид үйлчлэгчээр ажилд орж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байдаг. Онцгой байдлын Гэрээт гал түймэр унтраах 58-р анги Эрдэнэт үйлдвэртэй нас чацуу. 1978 оны 12-р сарын 12-нд байгуулагдсан түүхтэй. Тус ангийн анхны тулганы чулууг тавилцан, даргаар нь аймгийн арслан О.Жадамбаа агсан 15 жил ажилласан байдаг. Удаах хүн нь тус ангийг 19 жил удирдсан Ж.Мөнхбат гэж хурандаа бий. 58-р ангийн үүсэл хөгжил, байгууллагын соёл эдгээр хүмүүстэй салшгүй холбоотой. Мөн үе, үеийн ангийн захирагчаар ажилласан хурандаа Б.Алтангэрэл, дэд хурандаа Г.Эрдэнэчулуун, хошууч Н.Баясгалан нарыг нэрлэхэд таатай байна. Энэ эрхэм хүмүүсийн залгамж халаа болон ангиа удирдаж яваадаа би баяртай байдаг. Миний бие Эрдэнэт үйлдвэрийн Онцгой байдлын алба, Аврах, гал унтраах 58-р ангид 23 дахь жилдээ ажиллаж байна. Анх аврагч, гал сөнөөгчөөр ажилд орсон. Дараа нь аж ахуйн нярав, гамшгаас хамгаалах Улсын хяналтын байцаагч, ангийн захирагчаар ажиллаж байна. Хуучин, Гал түймэртэй тэмцэх алба, Иргэний хамгаалалтын болон Улсын нөөцийн газар нэртэй байгууллагууд байсан.  Эдгээр байгууллага нэгдэн 2004 оны зургаадугаар сарын 20-нд Монгол Улсын Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсан түүхтэй. Тэгэхээр Улсын Онцгой байдлын Ерөнхий газар алба хаагчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, тогтвортой ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, инноваци  нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.  Энэ зорилтын хүрээнд Орхон аймгийн Онцгой байдлын газар болон Гал унтраах анги үйл ажиллагаагаа явуулдаг.

-Дэвшүүлсэн зорилтын хүрээнд ямар ажлууд хийгээд байна вэ?

-2020 он гарснаас хойш манай анги нэлээдгүй ажил хийлээ. Парк шинэчлэлийн хүрээнд аврах үйл ажиллагааны зориулалттай Газель маркийн иж бүрэн тоноглолтой автомашин Эрдэнэт үйлдвэрээс хүлээн авсан. Өнгөрсөн онд Урал маркийн шинэ автомашинаар парк шинэчлэл хийж хүчин чадлаа нэмэгдүүлсэн. 2019 онд дэслэгч Б.Амарбаяр ахлагчтай нэгдүгээр салаа Монгол Улсын “Тэргүүний салаа”-гаар тодорсон. Энд 300 гаруй салааны бие бүрэлдэхүүн оролцсон байгаа. Алба хаагчдын нийгмийн баталгаа, ажиллах орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд тус ангид 23 жил ажилласан ахлах ахлагч М.Ганзоригт хамт олны маань санаачилгаар тусламж дэмжлэг үзүүлж байна. Энэ нь 8х8 харьцаатай, 4х5-ын гонхтой палкан байшинд нь иж бүрэн засвар хийж эзэнд нь хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Мөн аймгийн удирдлагуудад хүсэлт гаргаж ахлах ахлагч Г.Магнайбаярт таван ханатай гэр олгуулж, хашааны газрыг нь шийдэж өглөө. Энэ ажлын хүрээнд 12 айлын хашаанд хүнс, хүнсний ногоо тарих ажлыг тухайн багийн алба хаагчидтай хамтран зохион байгуулж хэвшээд байна. Гал унтраах ангийн алба хаагчдад зориулсан саун ашиглалтад хүлээн авч, шинээр теннисийн өрөө тохижууллаа. Мэдээлэл зүйн дөрвөн компьютер бүхий өрөө тохижуулж, алба хаагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх зориулалттай номын сантай боллоо. Салаан даргын өрөөнд засвар хийлээ. Эдгээр ажлуудыг Гал унтраах ангийн алба хаагчид өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглаж хийсэн нь онцлог юм.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ талаар..?

-Коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор Аврах, гал унтраах 58-р анги үйлдвэрийн хэмжээнд 24 цагийн шуурхай штаб байгуулан ажиллаж, мэдээ, мэдээллийг холбогдох газруудад өгөх, урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл ариутгал хийж, бүтцийн нэгжийн ажиллагчдад сургалт явуулж байна. Мөн “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Гэрээт цагдаагийн тасаг, Дотоодын цэргийн 816-р салбарын алба хаагчидтай хамтран үйлдвэрийн дүүрэгт нэвтэрч буй бүх ажилчид, иргэдийн халууныг хэмжих, тусгаарлалтад байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, Улсын болон аймгийн Онцгой комиссоос гаргасан тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахад анхаарал тавин ажиллаж байна.    

-Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэхэд зориулсан ажил хийгдэж байгаа юу?

-Хийгдэж байна. Манай ангийн аврах, гал сөнөөгч А.Баттулга Онцгой байдлын албаны нийт албан хаагчдад зориулсан аппликейшн зохиох санаачилга гаргасан. Тус албаны бие бүрэлдэхүүн холбогдох хууль, дүрэм, гал сөнөөгчдийн дагаж мөрдөх үүрэг, хариуцлагыг зайлшгүй мэдэх шаардлагатай байдаг. Тиймээс би энэ санаачилгыг дэмжсэн. Анх энэ аппликейшныг сургалтад ашиглах зориулалттай байсан юм. Түүний гаргасан  санаачилгыг арай өөр түвшинд хүргэж ашиглах саналд хүрсэн. Ингэснээр Онцгой байдлын албан хаагчдад үйлчилж буй хууль, дүрэм, журам, заавар, амьсгалын бие даасан болон эмнэлгийн анхан шатны тусламжийг багтаасан “Nema gok 58” аппликейшныг мэргэжлийн хүмүүст хандан бүтээлээ. Үүнийг Онцгой байдлын албаны дурын албан хаагч татсанаар интернетгүй орчинд өөрийн мэдлэгээ дээшлүүлэх боломжтой. Энэ нь нэлээн үр ашигтай дэвшилтэт ажил болсон.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Та хэзээнээс спортоор хичээллэсэн бэ? Ямар цол зэрэгтэй билээ?

-1995 онд анх сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн. 1999 онд спортын мастер цол хүртэж байлаа. Ажиллах хугацаандаа гал унтраах техникийн олон төрөлтийн спортоор хичээллэж, улсын аваргын рекордыг эвдэн спортын мастерын болзол хангасан. Мөн пауэрлифтингийн спортоор хичээллэснээр Энэтхэг улсад зохион байгуулсан гурван төрөлтийн тэмцээнээс алтан медаль хүртсэн. 2019 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Япон улсад зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт тавдугаар байр эзэлсэн зэрэг спортын амжилттай явна. 

-Алба хаагчдынхаа ажлын онцлогийг тодорхойлж хэлэхгүй юу?

-Манай нэг яруу найрагчийн бичсэн:

...Гамшиг хаасан энхийн харуул

Галын алба-эрсийн золбоо

Гал түймрийг сөрөн зогссон

Галын алба-бидний бахархал

Эрдэнэт уулынхаа заяаг түшихээр

Илгээлт өвөрлөн тушаалаар ирсэн

Эр борхон хөвгүүдийн намтартай

Эгэл даруухан аварга ангийнхан...гэсэн шат мөрүүдийг хэлэх дуртай.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

-Эрдэнэт үйлдвэрийн үе, үеийн удирдлагууд тус ангийн алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарч, манай ангийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй машин техник, багаж зэвсгээр цаг алдалгүй хангаж ирсэнд баярлаж явдаг. Мөн аймгийн Онцгой байдлын газрын  хурандаа Г.Ганбаатар даргатай бие бүрэлдэхүүн бидний ажлыг дэмжиж тусалдагт сэтгэл өег явдгаа энэ завшааныг ашиглан хэлэх байна.

-Баярлалаа.

Т.Батчулуун

Фото: Б.Баттөгс