ҮСХ: Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 16.4 хувиар өссөн

Нийтэлсэн: Админ 2020-06-17 18:05:54
 

 

Үндэсний статистикийн хорооноос COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбогдуулан Монгол Улсын 2020 оны эхний таван сарын эдийн засаг, нийгмийн төлөв байдлыг танилцууллаа.

Монголд хөл хорио тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд дөрвөн сар өнгөрч байна. Үйлчилгээний газар, баар, цэнгээний газруудыг хэсэгчлэн хааж, цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан мөн иргэдийг аль болох гэртээ байхыг уриалж байгаа нь энэ хугацаанд нийт гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлсөн байна.

Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны эхний таван сард 12.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3635 буюу 23 хувиар буурсан байна. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны тавдугаар сард 2549 болж, өмнөх сараас 26 буюу нэг хувиар буурсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2020 оны эхний таван сард 47 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 77. хувиар буурчээ.

Харин согтуугаар үйлдсэн гэмт хэрэг энэ оны эхний таван сард 1761 болж, өмнөх оны мөн үеэс 248 буюу 16.4 хувиар өсөж, улсын хэмжээнд 43.3 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 6.9 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 2.2 мянгаар буурч, харин баривчлагдсан хүн 1.5 мянгаар өссөн байна.