УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарыг шүүх хурал өнөөдөр болно
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, 11.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүх хурал болно.
Шүүх шүүгдэгч Ж.Эрдэнэбат болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, шүүгдэгч Б.Отгонбаатар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлтүүдийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11:00 цагт зарласан боловч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн шүүгдэгч Б.Отгонбаатарын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй, түүнчлэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс буюу хэрэг шүүхэд шилжин ирснээс хойш ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй, шүүн таслах ажиллагааг зохих ёсоор хүндэтгээгүй, шүүн таслан ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэн шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Мөн шүүгдэгч Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт авсан хязгаарлал тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Отгонбаатарын төрийн сангийн 1009 0000 5406 дугаартай дансанд байршуулсан 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг гаргуулж, шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн прокурорын газраас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Золжаргал, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, Д.Ганбат нарын 7 хүнд холбогдох нийт 187 хавтаст эрүүгийн хэргийг тус шүүх энэ оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авчээ.
Яллагдагч Д.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08:30 цагт хэлэлцэж, шүүх хуралдаанаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулахаар шийдвэрлэсэн хэмээн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.